Friday, October 9, 2015

Алтайн магтаал



Алтайн магтаалын үг тогтсон үг хувилбараар байдаггүй ч, хамгийн түгээмэл хувилбарынх нь үгийг сийрүүлж бичлээ.

Өглөөдөө жингээр униартаж л байдаг
Өдөр дунд нь суунаглаж л байдаг гэвэл ээ
Үеийн үедээ өнтэй тарган байдаг
Өргөн өндөр хүдэр баян буурал
Алтай хангай хоёр минь билээ

Арын өндөр хөвдийн нуруу дүнхийж л байдаг
Аршаан булгийн ус нь булиглаж л байдаг гэвэл ээ
Ангир галуу шувуу ганганаж л байдаг
Арын харгай мод нь дүнхийж л байдаг гэвэл ээ
Арвин аа уужимхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Шилийн цас нь хайлан
Шимээ дэгдээн хайлан урсаж л байдаг
Шинэхэн хөхөл ногоо нь
Ширгээ даган ургаж л байдаг гэвэл ээ
Шингэн дуутай хөхөө шувуу
Шилээ дамжин донгодож л байдаг
Үнэхээрийн сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Суунайн өндөр улаан уул нь дүнхийж л байдаг
Шөрвөгөр улаан ямаа нь
Шилээ даган шөргөлдөж л явдаг гэвэл ээ
Хаадайн өндөр торзойн нуруу дүнхийж л
Халиун харлаг тэх нь хадаа дамжин
Харгилдаж л явдаг гэвэл ээ
Харин ээ тэжээлтэйхэн үнэхээр сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Өргөн түмэн өндөр
Хүдэр баян хаан
Алтай нутаг минь гэнэ гэвэл оо...

Thursday, June 11, 2015

Жаран цагаан адуу


Жаран цагаан адууны маань
Алаг нь хаана байна ах нар минь,
Зургаан хошуу нутгийн маань
Ард нь хаана байна эгч нар маань
Наян цагаан адууны маань
Алаг нь хаана байна ах нар минь
Найман хошуу нутгийн маань
Ард нь хаана байна эгч нар минь...

Урианхай ардын дуу. Тувачууд мөн өөрийн хэлээр ("Конгурей" https://www.youtube.com/watch?v=Bkc70BXDBec) дуулдаг дуу.

Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эрслэн эсэргүүцэж байсан Баруун Монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийжээ. Тэр үедээ 600 мянга орчим хүн амын 480 мянгыг хороосон тэмдэглэл түүхэнд үлдсэн бий. Баруун Монгол нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй" гэж тэмдэглэсэн гэдэг.

Үлдсэн иргэдийн бослого хөдөлгөөнөөс сэрэмжилж бүх нум сумыг хурааж устган, зөвхөн Урианхайчуудыг ангийн арьс бэлтгэх үүрэгтэйгээр нум сум хэрэглэх эрхтэй нутагт нь түүхтэй. Магад энэ цаг үеэс, хөнөөгдөж, хөөгдөж үгүй болсон Монгол ард түмнээ үгүйлэн санагалзсан Урианхай түмний гуниг харууслаас эхтэй дуу болов уу.