Monday, July 30, 2012

Өвгөд буурлын сургааль /Улаач нарт/

Улаач хүн бүр санаж явууштай.

Улаач хүнд гурван мэлмий бий.

1. Харах мэлмий. Эжий ааваас махан биед заяасан харах мэлмий. Өмнө гишгих газар, алсын бараа, тэнгэр газар, дэргэдэх бүхнээ харж баясах мэлмий.

2. Билгийн мэлмий. Төрөлх сүнс, тэнгэр дээд өвгөд буурлуудаас хайрласан шид. Сүнс далдыг харах мэтхэнээр ухамгүй. Өвгөд буурлуудын хайрласан шид мэдрэмж, ЗӨН.

3. Ухааны мэлмий. Ахуй амьдрал бүхнийг ухаан оюундаа тунгаан, урагш гишгэх нь зүй.

Энэ гурван мэлмий энэ биеийг хөтөлдөг. Харах мэлмийгээрээ тольдон, зөн билгийн мэлмийгээрээ мэдрэн, ухаан оюунаараа залж амьдарна.

Харах мэлмий үгүй бол хальт гишгих нь амархан. Билгийн мэлмий, ухааны мэлмий 2тойгоо байхад алзахгүй амьдарч болох.

Билгий мэлмий харалган ч ухаандаа захирагдан амьдрах үрс олон. Гэвч өрөөсгөл.

Ухааны мэлмий үгүй бол ЗӨН, Шид чадал, харах мэлмий байгаад ч, жолоогүй морьтой давхихын адил болно.

Ухаан мэлмий, билгий мэлмий хоёр ав адил тэнцүү энэ цагийн эрх төрийн сүлд болсон эрдэнийн соёмбын загас мэт нэг нь нэгийгээ нөхөн, нэг нь нэгийгээ дэмнэн хөтлөх учиртай. Оюун ухаанаа зөн билгээрээ хөтөлж, зөн билиг, шид юухнаа оюун ухаанаараа жолоодон, шид зөн хүрэхгүй үйлдээ оюун бодлоо уралдуулан цэгнэж, оюун үл хүрэх үйлдээ зөн билгийн мэлмийгээрээ мэлмийдэн явбал алдах зүйл үгүйсэн билээ.

Friday, July 27, 2012

Хар Зүрхний Хөх нуур 2012.7.25 /Аялалын тэмдэглэл/ 2-р хэсэг

2012.7.25-ны өглөө. Нар мандсан байв. Тэнгэр удганыхаа гарын сүүтэй цайг уугаад майхан хөсгөө цэгцэлж, хуяглан, буурлуудаа залах бэлтгэлээ хангав. Улаач нар хүрээлэн байраа эзлээд гурван удаа зээ татаад буурлуудаа заллаа. Өндөр дээдүүд залран эзэн богддоо ёслон өөр хоорондоо золгон тавлаг байлаа. Буурлуудаа мордсоны дараа эзэн хаандаа золгоход өвөг дээд жанждуудыхаа алдрын олж мэдсэн үү? хэмээн асуув. Алдрыг нь олж мэдсэнээ хэлэхэд за тэгвэл алдраар нь дуудаад үз. Мөн бол бууна хэмээв.

Thursday, July 26, 2012

Хар Зүрхний Хөх нуур 2012.7.24 /Аялалын тэмдэглэл/ 1-р хэсэг

7-р сарын 24-ны өглөөний буулт товчхон болж өндөрлөв. Буурлууд маань үрстэйгээ золгон хэлэлцэж суусан ч "Улаач үр үйлтэй" хэмээсээр яаруухан мордов. Мордсоны дараа тэргүүнээ авч тавиад төд удалгүй байтал Тэнгэр удган маань утас цохин Хар зүрхний хөх нуур луу яг одоо 2 хоногийн хугацаатай явах эсэхийг асуув. Унаанд нэг хүний зай бий гэнэ. Би ч бөөн баяр уухайн тас зөвшөөрч хуяг хувцасаа эмхлэн цүнхэлж аянд бэлдэж дуустал Тэнгэр удган, нөхдийн хамт өргөөгөөр маань дайрч аваад, замаараа ганц нэг дэлгүүр орж, шатахуунаа сэлбээд замдаа гарлаа.

Friday, July 20, 2012

Дурсамж

Тэнгэр үзэл,  тэнгэр шүтлэг. Төрж өссөн орчин төрөл бүлүүд минь энэ бүхнээс хол хөндий, "Бөө гэж байдаг юм гэнэ лээ. Эрт цагтаа ид шидтэй байсан юм гэнэ лээ." гэсэн ам дамжсан ярианаас өөр мэдээлэлгүй байж. Ижий аав өвөө эмээ нарын минь бага залуу нас шашин шүтлэг, ид шидийн талаар ярихад ч бэрх хатуу нийгмийн хэлхээнд өнгөрчээ.

Tuesday, July 10, 2012

Амар амгалан байна уу?

Уг удмаа залж
Улаач болон өндийж
Өвөг дээдээ залж
Өндөр тэнгэрт танигдан
Тэнхээ чадал бүхнээ
Тэнгэрийн үйлд зориулах
Мөнхийн андгай юугаа
Мөнх тэнгэртээ зарласан
Балчир хонгор улаач
Бийр бэхээр мутарлан
Өөрийн үнэн түүхээ
Өчин байж тэмдэглэх нь энэ

Хэрэв зээ та бүхэн надтай и-мэйлээр харилцахыг хүсвэл доорхи хаягаар холбогдоно уу.