Thursday, June 27, 2013

Байгал далай, Газар усны эзэд ба Отог овгийн эв нэгдэл

Байгал далайн тахилгад оролцож, өвгөд буурлуудынхаа хамтаар үйлэнд дэмнэж оролцсон тухайгаа эргэн дурсан бичье.

Бидний хил даван очиход байгал далай орчмын нутаг, уул ус хөөр баяр, зуун зуунаар гунигт автсан сэтгэгдэлтэйгээр угтан авч буй нь мэдрэгдэж байв. Зуун зуунаар уулзалгүй тусгаарлагдсанаас болж санагалзаж, орхиж үлдээсэнд гэрвэшин буй нь тэнд очсон улаачдын сэтгэл зүрхэнд мэдрэгдсэн байх.

Бөөлөөн эхлэхэд хаан дээдсийн баатар жанждын отгийнхон байгал далай, бөөлөөн хийж буй газрын ойр орчмыг хүрээлэн бууж олон отгийн улаач, өвгөдүүд дуу хуур, цэнгэл баяртайгаар байгал далай, ойр орчмын газар усны эздийг баясган, тэнгэрээс эрчмийг буулган, эрчимнүүлж, хөлгүй их хурим найр, хурал чуулган аль аль нь нэгэн зэрэг болж байв.

Зэрэг олон үйл хийгдэж буй нь бидний мэдэх гурван хэмжээс орон зайгаас хальсан, цаг хугацаа ч бас өөр хэмжээс орчих шиг, урьд нь бөөлж, далд ертөнцийг тольдож байснаас онцгой илүүтэй мэдрэгдэж, зүйрлэвэл гурван хэмжээс орчин бүхий киног, олон зэрэг тоглуулж, аль алинд анхаарал хандуулж үзэж байгаатай дөхүүлж болох юм.

Харин үйлд оролцоод ирсний дараагаар урьд нь улаач миний биед залраагүй олон өвгөдүүд анхлан залрав. Чухал үйл тахилгын дараа үйлд дэмнэж оролцсон онгодууд хийсэн үйлээ мэдүүлж, эсвэл улаачын зүтгэлийг үнэлж "шагнал олгож" буух нь олонтаа.

Газар усны эзэд - 1

Үйлээс ирсний дараа маш өндөр настай жанжин буув. Тамирдуу, бага зэрэг ангасан байдалтай байсан ч ундаалах бүрийдээ тэнхрэн, эртний хэлээр ярихаа больж энэ цагийн хэлээр хуучилж эхэлсэн юм.

Нэгэн мянган хагасын (1500 орчим жилийн) өмнө баруун, зүүн, өмнө зүгийн нүүдэлчин овог аймгуудаас Байгал далайг хамгаалан сахих зарлигийг авч өөрийн олон баатруудын хамтаар байгал далайн өмнө хэсгийг урд зүгээс ирэх дайчдыг нэвтрүүлэхгүй, суурьшуулахгүй сахин манаж, бие барсны дараа ч савдгийн дайчин онгодууд болж хамгаалж өдийг хүрснээ өгүүлэв. Өмнө зүгээс халдах дайсныг нэвтрүүлээгүй энэ цагийг хүрсэнээ ч бахархалтай хэлж байлаа. Даанч хойд зүгээс өөр улс отгийнхон ирээд унаган сайхан байгалийг эвдэж эхэлсэнд халаглаж байв.

Үүнийг сонсоод түүхийн нарийн ширийнийг мэдэхгүй би түүхийг хуудсыг эргэн сөхөж тулгаж харав. Монголын төрт улсуудын түүхэнд 330-555 оны үед Жоужан буюу Их Нирун улс оршин тогтнож байсан ба 550-аад оноос Түрэг үндэстэн бослого гаргаж Нирун улсын зарим хэсэг одоогийн ОХУ-ын нутаг дэвсгэр лүү дүрвэж Ижил мөрний Хөндийд хүрч Авар хэмээх хаант улсыг байгуулсан түүхтэй ажээ.

Бодоход ОХУ-ын нутаг дэвсгэр рүү нүүдэллэн одсон хэсгийн хаад ноёд байгал далайг урд зүгээс ирэх нүүдэлчдийг суурьшуулахгүй сахин хамгаалж суух зарлигийг тэр бууралд буулгасан, тэр зарлигийг хүлээсэн тангарагтаа амьддаа, бие барсан ч эх нутаг усныхаа төлөө зүтгэн хамгаалж буй нь тэр юм болов уу. Бахархмаар, бас өр өвдмөөр санагдах юм өвгөдөө.

Нүүдэлчин угсаатнууд хөгжил дорой буурайдаа биш, нүүдлийн соёл иргэншил унаган дагшин байгалийг сүйтгэж, ирээдүйн хойчин үрсэд хөнөөлтэй болохыг ажиж чухал бүс нутгууддаа суурьшилгүй, сэлгэн нүүдэллэж хамгаалж байсныг тодхон ажиж болно.

Байгал далайн орчмын ариун дагшин байгалийг өвгөд дээдүүд маань өөрсдөөсөө ч харамлан хамгаалж байжээ гэдгийг түүх судраас ч, өвгөд буурлуудынхаа хүүрнэн өгүүлсэн түүхээс ч ухаарах юм.

Их Монгол улсын мандан бадралын үед Байгал далайн орчим нутаглаж байсан Ойн иргэд Их Монгол улсад дайн тулаан зэр зэвсэг сөрөлгүй дагаар орсны дараагаар зарим үл ойлголцол, эгдүүцлээс үүссэн бослогыг нь дарахад хүчтэй эсэргүүцэл үзүүлж, Эзэн хааны илгээсэн цэргийг мохоон дарж байсан тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Өмнө айлдсан уул усыг хамгаалж үлдсэн жанжин буурал тэр үед хий биеэрээ нутгийн уугуул ардын хамтаар довтолгооныг эсэргүүцэн хамгаалж шид хүчээрээ тулалдаж байжээ. Ойн иргэд тэр үед өөр хоорондоо эв нэгдэл баттай байхаас гадна уул усныхаа эзэн шүтээнүүдтэйгээ ч нэгдмэл хүчийг олсон байсныг ажиж ухаарав.

Газар усны эзэд - 2

Дараа өдрийн буултанд отог овгийн буурлуудын маань шүтээн болсон олон хайрхадын нэгэний савдаг болж үлдсэн буурал залрав. 1200 орчим жилийн өмнө отог овгийнхоо олон түмний үйлийг дааж явдаг, баавгайн арьсан хуяг, баавгайн арьсан хэцийг дэлдэж, олон түмэндээ хүндлэгдсэн зайран байжээ. Бөөгийн танин мэдэхүйн талаар, улаач хүний өөртөө олж авах ёстой эрдэм ухааны талаар арвин ихийг хуучилж байлаа.

Тэр буурлын амьдарч байсан үед овог аймгуудын тархай бутархай, өөр хоорондоо дайтаж байсан хэцүү бэрх цаг, зэр зэвсэг агсаж тулалдахаас гадна далдын дайн хамт хийгддэг байж (Баатрын хуяг дуулганд толь байдаг нь мөн ийм учиртай байх). Хар хорон санаа нь хэтэрсэн хэсэг нь өөр нэгнийхээ ариун дагшин шүтээн болсон уул усны эздийг дарж, сэвтээж, хүчийг нь мохоох аргыг хэрэглэдэг байсан тул бие барах үедээ дээд тэнгэртээ халилгүй ариун шүтээн болсон хайрхан уулсаа бараадан буруу санаатны үйлээс уул усаа хамгаалахад ид хав, шид чадлаа өргөхөөр шийдэж үлдсэн, энэ цагт тэр хайрхан уулаа нутгийн иргэд нь хүндлэн дээдлэхээ больж, ар шилэнд нь ухаж сэндийчиж суурьшсан тул тэнхээ тамир нь доройтож эхэлсэн тухай халаглан, улаач үрийгээ тэр нутагт очин тахилга үйлдэж уул усны эздийг тэнхрүүлэн, хязгаар нутгийг тогтоох "даалгавар"-ыг хүлээлгэсэн билээ.

Энэ биеэ барсан ч эх нутгаа хамгаалан тэмцэх өвгөдийнхөө сэтгэлийг биширмү.

Уул усны эзэн савдаг гэдгийг, үйлээ дүүргээгүй мунхаг улаачын сүнс хэмээн үзэж, зарим ухвар мөчид нэгэн нь албин тийрэнтэй ч зүйрлэн хэлэлцэх нь олон таардаг. Урьд цагт алдаж эндсэн, энэ цагт удмын улаачгүйн тул өөр хүнд заларч, зөрүү яваа нь олон байж болох ч эх нутгаа энэрэх сэтгэлээр хөглөгдөн зүтгэх өвгөдөө эргээд нэг хараасай хэмээн мутарлав.

Уул усны эздийн удам хойч үрс нь, ивээлийг хүртэж явсан отог овгийн олон үрс энэ замбад амьдран суугаа. Үрс олон нь энэ улс, энэ дэлхийнхээ төлөө энэрэлт сэтгэлээр нэгдэн тив тивийн шүтээнүүдийнхээ хамтаар замбан олон түмний гэгээн мэлмийг нээх болтугай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.