Sunday, December 15, 2013

Улаачийн даваа ба Асуудлууд

Хүн бүрийн амьдралд давах даваа, гүвээ, ололт амжилт, ухаарал бишгүй олон. Эд бүгд холбоо хэлхээгээр хэлхэгдэн цогцолсоор эрдэм мэдлэг, дадал, зуршил, туршлага болдог биз.

Харин улаачийн давах даваа, туршлага, гээд бодохоор ерөнхий хэдэн тойм багц, үе шатуудыг олж харж болох юм.

1. Улаач хүн биеийг болж төрөх
2. Онгод буурлууд нь улаач болох замд хөтлөх /онгодын шахаа гэж ярьдаг/
3. Улаач болох тавилантайгаа олж мэдэх
4. Онгод тэнгэрээ хүндэтгэн улаач болсноо тэнгэрт зарлан, биедээ залах
5. Онгод биежих хугацаа
6. Улаач биежих хугацаа...


1. Улаач хүн биеийг олж төрөх

Улаач болж төрнө гэдэг энэ бие эхийн хэвэлд бүрэлдэхээс ч өмнө "Би улаач болох тавиланг дааж явж чадна." хэмээн ам өчигөө өгөн энэ орчлонд үйлээ дааж явах андгай тангарагтайгаар мэндэлдэг гэдэг.

Төрсөн цагаасаа эхлэн амьдралдаа олон ухаарал, мэдлэгийг олж авахын хажуугаар хамгийн онцгой зүйл болох "энэрэх нинжин сэтгэл, хүн чанар"-ыг илүүтэй олж авах нь энэ үеийн гол давах "даваа" байдаг.

Асуудал: Энэ цаг үедээ шашин шүтлэг, тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай олж авсан мэдээлэл, хандлага, үзэл бодол, мөн эргэн тойрны хүмүүсийн хандлага ямар байхаас шалтгаалан цаашдын замналд ихээхэн нөлөө үзүүлнэ. Гэхдээ ямар ч тохиолдолд давах л ёстой даваа.

2. Онгод буурлууд нь үрээ улаач болох замд хөтлөх

Энэ үед отог отгийн өвгөд буурлуудын улаачаа сургах онцлог, арга барилаас хамааран янз бүрийн байдлаар явагдана. "Чи улаач болох ёстой шүү. Үүнийгээ чи олж мэд. Өөрөө мэдэрч чадахгүй байвал хэлж өгч чадах хүнтэй очоод уулз." гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Жишээлбэл: Бие мах бодид тодорхойгүй байдлаар оношгүй эмгэг хууч илрэх, зүүд нойр тавгүйтэх юмуу утга агуулга, үзэгдэл өвөрмөц болох, тодорхойгүй ямар нэг зүйлээр "дутагдсан" мэдрэмж төрөх. Сэтгэл тавгүйтэх, хий зүйлийг олж харах, сонсох гэх мэт шинжүүд илэрсээр яалт ч үгүй ямар нэгэн "увидастан"-д хандах нөхцөл байдал, шийдвэрт хүрдэг.

3. Улаач болох тавилантайгаа олж мэдэх

Өмнөх давааны төгсгөл хэнд нэг улаач, онгод тэнгэрээс өөрийн энэ заяа тавилангийн талаар сонсоод хүлээж авах хандлага, сэтгэгдэл улаач болох хүн бүрт янз бүрээр тусч болно.

Улаач юм уу онгод буурлаас энэ тухайгаа сонсоод хувь хүний зан чанар, туулсан амьдрал, зовлон жаргал, хүсэл сэтгэлээс хамаараад хүлээж авч буй мэдрэмж сэдэл нь янз бүрээр тусч болно. Эцэст нь энэ тавиланд төрсөн, түүнийгээ мэдсэн, цаг хугацаа нь болсон л бол энэ замд эргэлт буцалтгүйгээр орох өдөр ирдэг.

Энэ үеэс эхлэн бие сэтгэлээ цэгцлэн, өвгөд буурлуудынхаа хуяг дуулга эд хэрэгслийг зэхэн өвгөдөө залахад тосон бэлдэнэ.

Асуудлууд: Энэ үедээ учран золгох улаач, удган зайрангуудын ёс суртахуун, зан ааш, үйл хөдлөл, эд бүгдээр улаач байхын тухай төсөөлөл, дүр зургийг олж авдаг. Энэ үедээ зөрүү буруу бодол сэтгэлтэй хүнтэй учирвал буруу зөрүү ойлголт авч энэ үйлээс дөлөх, дутуу дулимаг хуурмаг үгсэд автаж хохирох, эсвэл энэ үйлийн мөн чанарыг бүрэн таньж бодол сэтгэлээ цэгцэлж дийлээгүйгээс хазгай гишгэх тохиол олон улаачдад тохиолддог.

4. Онгод тэнгэрээ хүндэтгэн улаач болсноо тэнгэрт зарлан, биедээ залах. Онгод биежих

Олон хоног хугацааг зарцуулан бие сэтгэл, эд хэрэгсэл бүхнийг зэхээд хөө хуягаа агсаж өвгөд дээдүүдээ зална.

Энэ үе хүртэл олон хүмүүс улаач болонгуут л бүх асуудал арилаад хорвоогийн хосгүй нэгэн болчих юм шиг, үгүйдээ л үүнээс өмнө байсан бүх асуудлаасаа ангижирчих юм шиг, онгод буугаад л бүгдийг цэгцлээд, яриад хэлээд өмнөөс хийчих юм сэтгэдэг. Улаач болох хүмүүс ч, тэдний эргэн тойрныхон ч бүгдээрээ үүнийг л хүлээдэг нь дийлэнхи. Өвдөж байсан бол өвчин зовлон үтэр түргэн арилчих юм шиг, үгүйрч хоосорч байсан бол хурдан тэгширчих юм шиг, муу зуршил ч эргэн тойрон нь үгүй болчих юм шиг сэтгэнэ.

Бодит байдал дээр бол өөр. Онгод буурлууд ч, үрс нь ч тэр төсөөлөл рүү тэмүүлээд бүрэлдүүлж цогцлоох гээд ч өөр.

Биеэр туулсан түүх:

Улаач болохоосо өмнө учран золгож байсан улаач нарын онгод буурлууд идтэй хавтай, сүртэй гэж жигтэйхэн. Буулт суулт сүртэй, отог отгоосоо аялгуулан үл мэдэгдэх хэл дээр дуулан аялгуулж бөөлөөд, нэг цэг дээрээ л 20-30 эргэлдээд буудаг. Буугаад ярьж хөөрнө гэдэг уран яруу. Бодол уншаад байх болохоор хажууд нь хамаагүй юм бодохгүйг хичээж бие сэтгэлээ барьж сууна. Үүнээс болоод ярьж хэлэх зүйлсээ ч таг мартана.

"Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр." гэдэг үгийг наснаасаа олон сонссон ч хуягаа өмсөөд анх өвгөдөө урин дуудан залах үест хэнгэрээгээ хэд дэлдээд л "түс тас түмпэн шанага" гэдэг шиг болоод л буурал орж ирээд уран яруу шүлэглэж урсгаад сүйд болох болов уу гэсэн төсөөллийг олж авч, хүлээж байв. Ухаан балартаад бие хяналтаас гараад л тэнгэрт сүнсээрээ дүүлэн нисээд л. Ай мөн их гайхамшиг аа гэж бодов.

Гэвч анх өвгөдөө залахад их өтөл болсон настай эмэг буурал заларч байгааг мэдэрч байвч, "бие миний хяналтанд байна", хэцээ, тойгуураа, хөлийн улаа мэдэрч байна, чих сонсч байна, үнэр мэдэрч байна, галын дөлийн халууныг мэдэрч байна. Тиймээс би энэ биед байна, тэгэхээр энэ бол БИ гэсэн бодол давамгайлаад л бие хэд сэгсрээд БИ БАЙНА АА гэсээр өндийж ирдэг байв. Энэ байдал олон давтагдав. "Бяртай, хүчтэй, залуу, эрэгтэй онгодууд минь залраад улаачдаа сайхан мэдрүүлээд өгөөч, хяналтыг надаас салгаад аваач" гэж гуйгаад бөөлж үзэв. Бие сэгсчээд, хэнгэрэг маань миний биеийг тал тал тийш татаад ийш тийшээ үсчээд хөл дээр тогтох янз алга. Удалгүй үсрээд л тэрийгээд унаад өгнө. "Ай эмээ нар минь" тогтуун  гоё буугаад өгөөч гээд гуйж бөөлж үзнэ. Бас л БИ-гээ мэдэрсэн тул хүлээн зөвшөөрөх арга алга. Энэ мэтээр элдэвлэн туршсаар, өвгөдийнхөө уур ундуу, гомдол цөхрөлийг хөдөлгөв өө би.

Анхлан өвгөд буурлуудыг маань залрахад багштай маань хамт дэмнэж тусалсан Төр зайран зөрүүд намайг дуудан тусдаа уулзаад "Тухтай суугаад биеэ мэдэр" гэж хэлээд хэнгэрэгээ дэлдэн аялгуулан дуулав. Биеэ суллаад дууг нь сонсоод л байв. Хэзээ ч сонсч байгаагүй үг, аялгуутай дууг сонсод сэтгэл хөдлөөд болох юм биш удалгүй дотроос огшоод багаасаа хойш унагаагүй нулимсаад асгаруулан эхэр татан уйлж гарав аа би. Жинхэнэ нус нулимстайгаа холилдоно гэгч болж, нэг гар жирвэс жирвэс гээд нэг талын гарыг маань хэн нэгэн  чанга бариад, өвдгийг маань түшээд уйлаад байх шиг санагдав. "Энэ хүн юу хэлээд надтай хамт уйлаад байна вэ?" гэж бодтол "Үр минь эмгэд өвгөд бид тухтай залрах нь үр чамаас л шалтгаална. Энэ бол цор ганц боломж. Үүнийг л алдалгүй биднийгээ биедээ зал. Гуйж байна." гэсэн аяс байх шиг санагдав. Өөрийнхөө зөрүүд, ихийг хүлээж өвгөдөө чилээснээ ухаарч уярч хамтдаа уйлсаар уйлсаар... Хэдий удсан юм бүү мэд.

Үүний дараа л нэг ухаарч, өвгөдөө залахдаа сэтгэлээ бэлдэн, "Биед орж ирж байгааг багахан ч атугай мэдэрвэл л гаргахгүй бариад авъя" гэж шийдэн бөөлөв. Их л настай хүн бууж ирэв бололтой. Бие даагдахаа байв. Биеэ суллаад суугаад л байв суугаад л байв. Багш маань, Төр зайран хоёул ирээд цай сүү барьж угтав. Бодол дотроо дахиад л би сууж байв. Бие маань хөшүүн ч дахиад л би байна.

Гэвч үүнээс илүүг хүлээх сэтгэл байсаар л байв.

Яагаад?

Урьд нь золгож байсан, энд тэндээс уншсан, сонссон мэдээллүүдийн ихэнхи нь "Улаач тасарч мэдрэлээ алддаг." аль эсвэл "Улаач тасраагүй ч бүх онгод буугаад шууд яриад, хяналтыг бүрэн атгадаг" гэсэн ойлголтыг надад өгсөн байв.

Тэр л төсөөллөөрөө зүтгэсээр, хүлээсээр алдаж байжээ.

Буурлуудынхаа өргөөнд ирсэнээс хойш ямар нэг ахиц дэвшил гарна гэсэн итгэл өвөрлөж, зүтгэж, өглөө, өдөр, орой бүр хэд хэд бууж гэдэс цэрийтэл цай, сүү ууж суув. Үнэндээ бол бууралтайгаа л даа.

Бие хүндэрч хөдөлгөөн удааширч байгааг "Буурал буужээ." гэж тооцохоор шийдэв. Бүх мэдрэхгүй маань бүгдээр энэ биед байсаар. Би сонсч байна, үнэрлэж байна, амталж байна, хүрч мэдэрч байна.

Цай сүүний амтыг их хурц мэдэрч, сүүний амт ялангуяа их дургүй хүргэнэ. Бодвол ус, гурил янз бүрийн юм хольсон л сүү байдаг байсан байх. Буурал буухад түшээ хийж байгаа ээжийн маань хэлдэг тогтсон хэдэн үгс байнга давтагддаг тул ундууцал их төрнө. Гэхдээ дуулахыг нь сонсоход таатай. Гэхдээ л буурал буугаад ярихгүй байгаа тул чамлалттай санагдаж, эргэлзээ тээсээр.

Нэг удаагийн буултанд 3-4 литр цай сүү хүртэх тул шөнө 11 цагт буурал мордоход 2 хүртэл байн байн бие засах шаардлагатай.

Урьд нь сонссончлон: "Буурал буусан бол ямар ч их цай, сүү, архи хүртсэн бай, хичнээн ч их тамхи татсан бай хамаагүй давсаг ходоодоонд амт, үнэр, шингэн үлддэггүй" гэсэн ойлголттой харшилдаж байв.

Гэвч бөөлөөг таслалгүй үргэлжлүүлсээр байтал зовхи хүндэрсээр зовхин дотор давхар нэг зовхи байгааг мэдэрч эхлэв. Яаж ч хүчлээд нүдээ нээж чадахгүй болсноо ойлголоо. Дараа нь буурлууд хичнээн ч их ундаалга хүртсэн бай бие засах хэрэг гарахгүй болов.

Удалгүй ээжийн маань эмэг ээж бууж, ээжтэй золгоод баахан уйлж байгаад мордов. Яасан дундардаггүй нулимс вэ? Миний биеийн хаанаас гардаг байна вэ? гэж бодов.

Дараа нь нэг буурал бууж яриа хөөрөө дэлгэж, нар мандахаас өмнө, нар жаргаснаас хойш харуй бүрийд өдрийн 2 удаа, 60 гарагийн турш бууна гэдэг "Өөрсдийн тоглоомын дүрмээ" хэлэв (Ёоо зуны өглөө нарнаас өмнө босно гэдэг ёстой барахгүй ажил). Цай, сүү, ус бүгдээс амсч үзээд сүүний чанарыг ихэд голж усыг рашаан хэмээн эрхэмлэн таалан хүртэв (Энэ чинь харин таалагдаж байна. Буурал бид хоёр нэг бодолтой байна). Намайг дан цагаан хоол ид гэв (Ёстой тэрийг чинь барах юм биш. Улаачаа өлбөрүүлэх нь үү?). Нэг ширхэг тамхи асаалгаж аваад сорж үзэхэд хэл хутгаар зүсч байгаа юм шиг мэдрэмж төрөв (Паа ямар заваан юм бэ? Урьд нь хааяа сороход тийм ч заваан санагддаггүй л байсан юмсан). Ихэд жигшин "Бөөн хор" гэж эрхий долоовор хоёр хуруугаараа эвлэгхэн гэгч нь нугалаад, мушгиад эргүүлж өгөв (тэр тамхи хугараагүй байсан нь гайхал төрүүлэв). Дараа нь буултгүй байхдаа тэр тамхийг харвал томсон олс дээш шиг болсон байв. Богинохон бүдүүн тамхийг тийм болгосныг хараад өөрөө дуурайж хийж үзэв. Яалтгүй хугарчихаад л байв.

Тоглоомын дүрмийн тогтоосон буурал ТОЛГОЙ ОНГОД гэнэ. Ойрын үеийн буурал, аав өвөө хоёрыг оруулаад, өөр лүүгээ хүртэл 5 үеийн алдар нэрийг айлдан, өөрийгөө Гончиг хэмээн товчхон танилцуулаад, улаачид ээж аав, эмээ өвөөгийн олон буурлууд буух тул бүгдийг нь залж, ундаал гэж зарлигдаад мордов.

Товчхондоо хэлэхэд "Би юу буурал уу?" гэсэн энэ мэдрэмжийг мэдэрч, эргэлзээ тээх хоногуудыг "Онгод биежих" хугацаа хэмээн нэрийддэг ажээ. Цээрийн хоног хэмээн олон хоног байдаг нь ийм учиртай аж.

Урьд нь би биежиж, хүч тэнхээгээ агссан онгодуудтай учран золгож байсан төсөөллөө анхлан бууж байгаа онгодуудаасаа нэхэн шаардаж шаналгаж байсан нь миний алдаа байжээ.


Улаач болсон олон түмэнд надад тохиосон мэт эргэлзээ тээнэгэлзэл эхэн үедээ багагүй л тохиодгийг олон олон хүнээс ажиглагддаг. Харин энэ эргэлзээтэй бодол оюунаа бусадтай хуваалцах тал дээр хаалттай нь олон. Би ийм байгаагаа бусдад мэдэгдчихвэл бусад хүмүүс надад, буурлуудад маань итгэхээ больчих болов уу. Намайг мэдрэмж тасардаггүйг хүн мэдчихвэл муу улаач гээд бодчих болов уу? гэсэн айдастай явдаг нь олон.

6. Улаач биежих хугацаа

Буурлууд хүч тамираа сэлбэж үйлээ хийж хүчээ агсаж эхэлснээр бүх зүйл болчих мэт төсөөлж байв. Үүнтэй зэрэгцээд улаач биежих гэдэг зүйл байх ёстойг сүүлд олж мэдэв.

Товчхондоо гэвэл улаач үйлээ хийж амьдарсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлээд дээшээ дэгдэж очоод онгод болъё хэмээхэд хийж чаддаг үйлтэй, эрдэмтэй, шидтэй, сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байж онгод хэмээх цолыг хүртэх ажээ.

Улаач биежнэ гэдэг нь онгод биежсэнээс хойш эхэлдэггүй. Төрснөөс эхлээд өдийг хүртэл олж авсан ЗӨВ эрдэм мэдлэг, УХААРАЛ, ЧИН СЭТГЭЛ эд бүгдийн нийлбэр цогцыг БИЕЖИЛТ хэмээдэг аж.

Буурлууд маань буугаад сар гаруйн дараа "Бид яагаад ингэж их ундаалдаг вэ?" гэж түшээ үрээсээ асуув. "Та нар минь хүний биед буулгүй их удсан, их цангаж байдаг байлгүй дээ." гэж түшээ үр хариулав.

"Улаачийн бие биднийг залах тамир тэнхээ сайн биш. Цагаан хоол идүүлж, цай сүүгээр их ундаалж энэ биеийг нь ариусгаж, онгодын эрчмийг энэ биед нь шингээхэд бэлдэж байгаа юм." хэмээн тайлбарлав. Мөн чанартаа бол онгод тамир тэнхээгээ авч байгаа гэхээсээ улаачийг л тамиржуулаад, онгод, улаач хоёр нэг бие, сэтгэлд нэгдэж чадаж байгааг "БИЕЖИХ", "ХҮЧЭЭ АГСАХ" гэж нэрийддэг ажээ.

Бодож үзэв. Заавал хээр хөдөө, цэвэр агаарт гарч буух дуртай, түүдэг гал дээр намайг бахардаж унах нь уу гэтэл тасралтгүй үсчин бөөлөх буурлуудынхаа хүслийг бодоод үзэхээр намайг л биеийн тамираар хичээллүүлээд, цэвэр агаарт амраагаад байна уу гэмээр санагдав.

Олон хоногоор хөдөө явж, тахилга, бөөлөө хийхэд огтхон ч өлсөхгүй болж. Онгод бууж хийдэг байсан бариа засал зэргийг өөрөө хийчихдэг болсноо анзаарч эхлэв.

Энэ Улаач биежих гэдэг хугацаа бидний үхэн үхтэл үргэлжлэх байх. Хэр их ухаарал олж цэгцтэй бодолтой байхаас хэр их хөгжсөнөөс хамаарах учир УЛААЧ ХӨГЖИХ, УЛААЧ БОЛОВСРОХ гэж нэрлэвэл илүү оновчтой санагдана.

Улаач тасрахын тухайд

"Тасарч бөөлнө" гэдгийг ихэнхи хүмүүс "Буурал буунгуут би алга болоод, буурал мордонгуут би сэрдэг." гэсэн ойлголтоор ярьдаг. Шуудхан хэлэхэд архи уугаад тасрахтай жишихүйц байдлаар хэрэглэдэг үг болсон гэсэн үг.

Гэвч мөн чанартаа улаач тасарна гэдэг нь улаачийн оюун ухаан, бодол сэтгэл мэдрэмж нь энэ биеэ хянаад "Буурал хэдэн аяга цай уух нь вэ? Золгож байгаа хүн ямар юм ярих нь вэ?" гэдэгт биш, "Миний сүнсэн бие хаашаа явж, юуг сурч, юуг хийж чадаж байна вэ? Далдын ертөнц хаана, ямар дүртэй оршиж байна вэ? Үзэгдэх үгүй олон тив ертөнцүүд, онгодын хийх үйл, мөн чанар юу вэ?" гэсэн зүйлд төвлөрч чадвал олон олон асуултын хариултыг сүнсэн биеэрээ аялж, биед залраагүй олон олон онгод буурлуудтай учран золгож, онгодын эрдэмд суралцах харгуй замууд нээгдэж, эхлэл төгсгөлгүй аялалд гарах үйлийг хэлдэг ажээ.

Тэнгэрт тэтгэгдсэн улаач та бүхний
Үйл бүхэн нь бүтэн дүүрэн байж
Үг бүхэн нь үнэний оргилууд байж
Түмэн олондоо энэрэлтэй
Төр улсдаа түшигтэй явахыг ерөөе.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.