Friday, February 12, 2016

Заяагаа залахуй

Заяагаа тань! Заяандаа эзэн суу!

Сургааль, захиас, зарлиг. Аль ч талаас энэ үгийг өөрийн ч, өөр олон андуудын өвгөд дээдүүдээс сонордож, олон сараар эргэцүүлэн явсаар, эргээд л өвгөдөөсөө "Яаж заяандаа эзэн суудаг юм? Заяагаа таниагүйдээ яачихаад байгаа юм?" гэсэн тодлох ч гэх үү, заргын ч гэмээр шинжтэй асуултаа асуулаа.

Заяа гэхээр эцэг эх заяа, үр заяа, андын заяа, багшийн заяа, эдийн заяа, малын заяа, ер нь хүнд юу заяаж байж болох тэр бүх зүйлийг л эргэцүүлээд таних, эзэгнэх учрыг олохгүй л...

"Аль ч заяа байх нь ээ түүнийгээ аргамаг хүлэг морь гэж сэтгэ. "

Товч бөгөөд дахиад л эргэцүүлэл дагуулсан "шпаргалк" олж аваад эргэцүүлж гаравай.

Морь гэдэг эзнийхээ унаа болж холыг туулахад туслах, хүн гэдэг хүлэг унаагаа эдэлж унах л заяатан юм хэмээн сэтгэв.

Бага насандаа өвөө эмээ, авга нагацындаа зуны амралтаар очиж туслах малч хийж явсан насаа руугаа буцах аялалд гарав.

Дөнгөж мэдээ орсон даруйд ээжийнхээ эгэмнээс зүүгдэхээс өөр идгүй үедээ анх морины нуруун дээр гарсан дурсамжаа санавал үгүй мөн их айдас л санаанд буух, харин хөдөө нутагтаа өссөн үеэлүүд маань бол хэдийээ данагар ханхайж шогшиж харагддаг байсан санаанд буув.

Сургамж 1. Анх танилцахад "Заяа" маш аймшигтай, учир битүүлэг, сүрдмээр санагдана. Бүр зугтмаар ч санагдана гээч.

* * *

Түүнээс жил тойруу магад түүнээс ч илүү хугацааны дараа хамгийн номхон, ааш зан сайтай гэгдэх, эгч маань унаж хонинд дассан хонгор алаг зүсмнийн хонины морийг унаж ойр зуур шогшиж сурав. Жаахан давраад үеэл хоёр ахтайгаа зэрэгцээд айл хэсч үзэв. Айл хэсэх ч гэж саахалт айлд очиж морь унаж сурч байгаагаа л гайхуулах санаатай. 6 настай л байсан санагдана. Харьж явтал хонины номхон морь маань учир зүггүй авч давхиад улаан тоос эргэлдээд л нүд бүрэлзээд л аймшиг гэж. Хоёр үеэл ах маань гүйцэж ирээд хоёр суганаас өргөж аваад мориноос маань сугалж аваад газар эвтэйхэн буулгаж үлдээгээд нэг нь гэртээ түрүүлж "хүүхэдгүй" харьсан морийг эргүүлж авчрав.

Хэргийн эзэн морь юмуу гэтэл дөрөө холбоосгүй унасан, миний хөл богино хоёр шалтгаанаас болж эмээлийн гөлөм дэрвэж үүнээсээ морь өөрөө үргэж давхисан болж таарав. Маргааш нь өвөө дэлэм хэрийн сур зүсч эмээлийн хоёр дөрөөг холбож уяснаар дахиж энэ аюул учирсангүй. Гэхдээ үүнээс хойш надад яаж ч ташуурдаж гуядаад урагш гишгихдээ тун чиг дургүй хашин морьдыг сонгож унуулах болсон түүхтэй.

Эгчийн эмээл, эгчийн унаж дадсан морь, миний богино хөл 3 нийцтэй байгаагүй, хэрвээ би богино хөлтэй бол дөрөө холбоостой байх хэрэгтэй. Дөрөө холбоосгүй бол хашин морь унах нь аюулгүй.

Сургамж 2. "Өөр хүний заяа"-г өөртөө шууд "хуулж" болохгүй, бага зэрэг өөр байж өөрт илүү нийцнэ. Үүний тулд өөрийнхөө хэрийг бас мэдэх хэрэгтэй.

* * *

Өдрөөс өдөрт морь унах чадвар нэмэгдсээр шогшиж байсан бол ергүүлж үзлээ, бүр цаашлаад хөөрхөн цогиулдаг болж үзэв. Цаашлаад эмнэг дааганы нуруун дээр мордож үзэв. Хазаарлаад, хамрыг нь сураар чангалж ороогоод, ер нь нь нэлээн харгис аргаар номхруулж нуруун дээр нь гардаг юм байна. Урьд жил нь уяж байсан унага тул дэлбэ шидчихэлгүй хэд тонгочооод, тэр дороо зүгшрээд хонь хурганд явахад сайн унаа болсон юм даг.

Сургамж 3. Заяа надад хатуу хандаад байвал эргүүлээд өөрт нь хатуу хандахад аяндаа зөөлрөнө.

* * *

Нэг их зудтай жилээр хөдөөний олон айл, ихэнх малаа алдаж, хотоо харлуулах нь ч харлуулж дараа зун нь жил бүр жил дүүрэн байдаг гэж сэтгэж байсан унаганууд ердөө хоёрхон л байсан юм. Хоёрхон юм гээд барьж уялгүй дараа жил нь болоход шүдлэнгийн дайтай том биетэй тарган хоёр даага болсон байлаа. Охин даага байсан тул "Энэ хоёр даагыг эртхэн сургаад гүү болоод унагалахаар нь сааж айраг ууна" шүү ухааны юм бодоод сургаж унах санаачлага гаргаж хавийн хүмүүсийг хөдөлгөөнд оруулж сургахаар болов.

Унага үед нь уяаагүй болохоор ардаг догшин, хүчтэй ч гэж жигтэйхэн, урьд нь нуруун дээр нь гарч тонгочуулж байсан даагатай зүйрлэх ч юм биш. Чихдэж, цорводож эмээллэх үед уур нь хүрээд нүд нь эргэлдэж байгаад л хандсан зүг рүүгээ савж унаад хамраасаа уур нь багтаж ядсандаа хамраас нь цус гараад араатан аятай л аашилж байв.

Энэ үеэр нэг даага нь доголж, өвөл нь онд орох шинжгүй болсон тул идшинд хэрэглэсэн бөгөөд тэр үеэр уур хилэн нь багтахгүй унаж тусаж байхдаа сүүжнийх нь яс үйрсэн байсныг олж мэдсэн билээ.

Унаганд нь уя /Багаас нь хүнд дасал болгох/
Дааганд нь дахь /Дахиж уя/
Шүдлэнд шүт //
Хязааланд нь хямгад /Товчхондоо: шилжилтийн нас тул тэнэж одох гэмтэй/
Соёолонд нь сой
Хавчигт нь хайрла /Бие гүйцэх нас дөхөж буй тул бие гүйцтэл хайрлаж гамнах учиртай/

Адууг сургаж эдлэх анхан шатны ч гэж хэлж болох сургаалийг өвгөд ийн толгой холбон өвлүүлж иржээ. Унага ахуйд нь барьж гаршуулж, номхруулагүйгээр энэ хэлхээг алдагдуулснаас л тэр нэгэн дааганы заяа, том болоод унагалахаар нь айргийг нь уух миний заяа хоёр
бүтэлгүй болж дээ гэж бодох.

Сургамж 4. Заяаг хайхралгүй зөнд нь хаявал дараа нь залж чиглүүлэхэд асуудал гарна.

* * *

Олон жил дараалсан зудны дараа надад ноолуулж унуулах номхон морьд үгүй болсон тул өөр хүнээс нэгэн хонины хүрэн морийг надад зориулж авга ах маань өөр хүнээс худалдаж авч бэлдсэн байлаа. Номхон ч гэж, хашин ч гэж жигтэйхэн. Гэрээс бараа алдарсан үед ташуу өгөхөд тонгорч үзнэ. Түүнийг нь гэрийхэндээ хэлэхээр морь голсондоо гоочилж байгаад өөр морь унах гэлээ гэж зэмлээд ер халгаасангүй. Харин ч бие гүйцсэн, ааш муутай морины нуруун дээр тогтож байгаадаа урамшиж байв.

Сургамж 5. Хэн ч заяаг чинь өөр шиг чинь сайн мэдэхгүй.

* * *

Жилийн дараа авга ах маань намайг нэлээн өсөөд хэр баргийн морь унаж дийлнэ гэж бодсон уу, сургаад удаагүй нэг азарган үрээг унуулах болсон юм. Духан дээрээ жижигхэн буурал сартай хул үрээ байсан санагдана. Хөл хөнгөн, миний бодлыг урьдаас таагаад байна гэлтэй хүссэн зүгт л салхи татуулаад аваад давхидаг, уурыг нь хүргэж ганц нэг хазуулж хайруулж байсан ч хайрлаж хазаж байсан хүлэг байж билээ. Тэр үеэс хойш хөдөө нутгийг зорьж морь малтай төдий дотно явсангүй. Үдшийн зүүдэнд, хэнгэрэгээ дэлдэх бөөлөөнд, эгшигт хуурын аялгуунд тэр л сайхан хүлэгийг унаж хөдөө талд салхи татуулж явсан тэр дүр зураг, салхи, чимээ мэдрэгдсээр өдий ч санасаар л байгаа би.

Сургамж 6. Заяагаа таних, залах, эзэн суух гэдэг нэлээн бартаа нугачааг давж байж л тэвчээр, зориг, ухаарлаар угтуулж ирдэг зүйл бололтой. Өөрийгөө таньж, өөрийгөө заяандаа таниулж байж л заяаг даадаг бололтой.

Тэгж дийлэхгүй авга, ах нарыг унахаар л дүүхэлзээд давхиад байх мөртлөө айдас дүүрэн жаахан намайг мордохоор л хашин хойрго аашлаад, гэрийн бараа, ижил сүрэг нь харагдвал булааж давхиад дийлдэхгүй, бусдын нүднээс далд бусгаж булгиж унагачих гэж оролдоод байдаг хүлэг морьд шиг л авиртай юм болов уу даа.

* * *

Хэд хоногийн өмнөөс Монголын үндэсний телевизээр "Тууль хайлах цаг" нэвтрүүлгээр Урайнхайн туульч Балдандоржийн "Аргил цагаан өвгөн" арван хоёр бүлэг туулийг цувралаар үзэж дууслаа. Тууль сонсож байх зуур өвгөд буурлууд маань "Орчлонд үгүй үзэсгэлэнтэй ороо нарийн зээр морь"-ийг онцолж "Заяа, заяа" гэж шивнэж сануулаад байв.

Туулийн үйл явдал нь гэвэл: Орчлонд үгүй үзэсгэлэнтэй ороо нарийн зээрд морийг өөр хүмүүс барьж унах гэж зүтгээд гүйцэхгүй, адуучнаар бариулах гэтэл адуучин Аг сахал өвгөнийг морь нь загнаж зандраад бөхөлзүүлээд л, "Би зөвхөн Алтан хөвч баатрын хүлэг байх ёстой" гэж хэлээд дангаараа яваад өөрийг нь барьж унахыг санаархсан дайснуудыг өөр нэгэнтэй тулалдуулж дараад, өөрийн эзэн байх ёстой Алтан хөвч баатрын заяаны гэргий Зүүдэн солонго дагинийг авчирч гэрлүүлээд, төр улсад нь халдсан дайснуудыг дарахад эзэндээ үнэнч туслагч болж яваа тухай гардаг.

"Аргил цагаан өвгөн" тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгыг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэгддэг бөгөөд нэг үгээр хүний заяаг тэтгэж санаауулдаг тууль болохыг ажаад онгод буурлуудын маань надад жишээлж тайлбарласан тайлбар, миний тайлсан бодол, өв эртний туульсын утга хэв маяг нэгэн дор огтлолсон тул энэ бичвэрээ нийтлэхээр шулуудан дүүргэлээ. Саатан уншсанд гялайлаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.