Saturday, November 3, 2012

Дайчин өвгөдийн минь туулсан заяа

Хархирах хоолой хатуу дуугаар
Хатгах дайтнуудыг халгаан зүрхшээж
Халуун цусыг булгилуун урсгаж
Хашуун цөсийг хатган үсэргэж

Хүний махаар хүнс хийж
Хатан илдээр хавирга сүврэгийг цавчиж
Хөө хуягийг хөдөрч
Хөвчит ойгоор шогшин, хөндий талаар хатирч

Харз усаар ундаалж
Харанхуй шөнөөр шуургалж
Хатгах санаат хар дайсны
Хараа сонорыг хүрэн зүрхтэй нь сүлбэж

Хүчит догшин хүлэг унаа бүхнийг нь
Хүүхэн хонгор, хөсөг бүхэнтэй нь олзолж
Хүртэх хатуу бүхнийг хүрч давж дааж
Хүлхэх хүрэн нөжийг хүртэн байж туулж

Хөлгүй хөхрөх тэнгисийн хөвөө цаадхыг ч тольдон
Хүчит догшин барсын хүржигнэх дуугаар хөглөгдөн
Хүрэх алсыг тольдох хүрэн бүргэдээр хурцлагдан
Хөнөөлт дайсны хүрээлэн отох отгийг

Хар тугийн дор харшилдах илдний үзүүрээр
Хар цуст жадаар хаад ноёдтой нь хуйлруулж
Хөх тэнгэр, хүмүүний жаягийг сүйтгэсэн
Хөх магнайтны хөдөлж ядсан биесийг

Хөр цасанд дарагдан хөлдүүс мөс болтол
Хүрээ хотол бүгдийг нь хөвч, хээр болтол
Хатуу хар үйлийг халгалгүй үйлдэж явсан бид
Хар тугийн дор хатгалдан дайтаж явсан бид

Хараат тугийн дор энэрэлдэн нэгдсэн бид
Хамаг Монголыг хамтдаа бүтээн нэгтгэлцсэн бид
Хатуу догшин сүрээр хамаг олныг сөхрүүлэн
Хаан эзэний сүр хүч ухаанаар хамаг ардыг бишрүүлэн

Хатгалдах хүсэлт хар дайсан үгүй
Харвалдах зоригтон хавирга сүврэгэнд нь үгүй
Хорлон үймүүлэх хомхой сэтгэлтэн нь үгүй
Хөнөөл үгүй, хөнөөлтөнд өршөөл үгүй

Хорвоо дэлхийн түүхэнд
Хосгүй нэгэн цагийг
Хөх тэнгэрийн дор
Хөрст алтан шороон дээр нь

Хөх толбот үрстэйгээ
Хөтлөх мэргэн ардтайгаа
Хаан дээд эцэгтэйгээ
Хатан дээд ижий нартайгаа

Хатууг дарж харыг цайлгаж
Хамаг бүхнийг оройлон
Хачин сайхан цагийг
Харин бид угтсан билээ

Хатуу хэмээн цоллогдон
Хар хэмээн нэрлэгдсэн
Хүч ихт дайчдын
Халж элээсэн заяа энэ билээ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.