Saturday, November 3, 2012

Үрс нь нэгдэхийн учиг

Өвгөдийн өмнө айлдаж байсан сургаалийг бичиж тэмдэглэсэн байснаа саяхан оллоо. Та бүхний мэлмий оюунд өргөн барья.

Үзэл бодол
Үзүүрт зэв болж
Итгэл үнэмшил
Ирт мэс болон харшихын цагт

Тэнгэрийн ивээл дор
Тэнхээжиж томоожсон үрсүүд
Тэнд эндээс цуглан
Тэврэлдэн угталцан нягтарч

Сэтгэл хэмээх модны
Сүүдэр нөмөрт хоргодож
Хайр хэмээх галын
Хажуу дэргэд бүлээцэж

Тэнгэрийн хаяаг түших
Түг түмэн баатрын
Түрлэг уухайн дуунаар
Түгшиж биш огшиж сэрэхэд

Омог бардам, ухаант өвгөдийн
Онго шүтээнүүд заларч
Олон балчир үрсээ
Оройд нь ортол ухааруулж

Нэгэн үзүүрт сэтгэлийг
Нэгдмэл бодол тэмүүлэлийг
Нэгдсэн их сүрээр
Нэг дэлхий ижийн төлөө хэмээн

Хуяг дуулгаа агсаад
Хэц хэнгэрэгээ дэлдэн
Хуурын эгшгээр түрээд
Хурайлан шагших дуунаар

Тэнгэр газрын эзэд
Тавилангаа дагасан үрсийн хамт
Тэнгэрийн дор, хөрстийн дээр
Тив дэлхийгээ аргадан
Тэнгис далайг баясган
Тэргэл саран, алтан наран
Тэнгэр дээдүүд, одон эрхэс
Тэд бүгд хуран чуулж

Түмэн олонд дурсагдан
Түмэн жилдээ дуурсагдах
Тэр их үйлийг
Тэр л гарагт үйлдэж

Харыг цайлган
Хатууг зөөллөж
Эрин цагийг эхлүүлэн
Энэ цагийн ХААН-ыг өргөн

Ерөөлт цагаан бүхний үрийг
Ертөнц даяар тарина
Эргэх энэ орчлон
Энэхэн хонгор үрс

Өндөр тэнгэрийн хайрыг
Өлмий доорхи газрын ивээлийг
Өндөр дээд эцгүүдээ мэдэн
Өргөсөн буурал ижий нараа танина

Энэ бүхний учигийг
Эдүгээ цагийн үрс нь танихгүй нь олон ч
Ирэх цагийн олон үрсийг
Ивээх ивээл нь өнөд оршино

Үрс минь үйлдээ үтэрлэ
Үнэн үйлийн учигаа танилаа та нар

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.