Tuesday, March 14, 2017

Хөгжил үү? Хөлбөрөл үү?

"Монгол Товчион Түүхийн тайлал" судрыг хэвлэгдэж гарсан цагаас хойш шимтэн унших зуур мянган жилийг дамжсан түүхийн дундаас эдүгэ цагийн бидний ухаарвал зохих ухаарал олонтаа тохиох юм.

Их Монгол гүрний хөгжил, бадралын өмнөх ороо бусгаа цагийн нүүдэлчин Монголчууд өөр хоорондоо тэмцэлдэж дайтахын шалтгааныг ажихад өнгөн дүрдээ газар нутаг, эрх мэдлийн төлөөх тэмцэл мэт боловч суурин соёл иргэншил, газар тариалан эрхэлж, эрх ямба, биеийн амар хялбарыг  "ХӨГЖИЛ" хэмээн сэтгэх нэгэн хэсэг, түүнтэй эсрэгцэн газар ахуйн тусгаар тогтнолоо авч үлдэхээр тэмцэж байсан ноёдын тэмцэл илүүтэй тодхон ажих болов.

Хот балгадыг байгуулж, суурин сууж, малын бэлчээрээ тариалангийн талбай болгохүйгээр дэлхийн олон үндэстнийг засаглаж, тухайн цаг үедээ хөгжлийн оргилд хүрч болдгийг өвөг дээдэс бидэнд өөрсдийн туулсан замналаар харуулж чаджээ.

Харин одоо бид:

Амьсгалах ариун агаараа угаараар солихыг ХӨГЖИЛ гэх болж.

Ариун тунгалыг рашаанаараа бохироо урсгахыг ХӨГЖИЛ гэх болж.

Хөрсийг эргүүлж  эрдэнэсийг нь ухаад орхихыг ХӨГЖИЛ гэх болж.

Хөдөө уудам нутгаа орхиж хот бараадахыг ХӨГЖИЛ гэх болж.

Хөдсөн дулаан дээлээ гээгээд хүйтний өвчинд бариулахыг ХӨГЖИЛ гэх болж.

Хүлэг хурдан морь, хамаг мал сүргээ МАХ гэж сэтгэх болсноо ХӨГЖИЛ гэх болж.

Хөвч их тайгаа ТҮЛЭЭ гэж харах болсныг ХӨГЖИЛ гэх болж.

 * * *

Монгол Товчион Түүхийн тайлал 1-р боть
227-р нүүр, Татартай өслөх болсон учиг
234-р нүүр, ЧиАрАхАй Линху Алтан улсад нэгдэх хүсэл тээсэн тухай
хэсгээс өвгөдийн ахуйгаа хадгалахаар тэмцсэн учиг, мөрийг тодолбол илүү сэтгэлд тань буух биз ээ.

Friday, February 12, 2016

Заяагаа залахуй

Заяагаа тань! Заяандаа эзэн суу!

Сургааль, захиас, зарлиг. Аль ч талаас энэ үгийг өөрийн ч, өөр олон андуудын өвгөд дээдүүдээс сонордож, олон сараар эргэцүүлэн явсаар, эргээд л өвгөдөөсөө "Яаж заяандаа эзэн суудаг юм? Заяагаа таниагүйдээ яачихаад байгаа юм?" гэсэн тодлох ч гэх үү, заргын ч гэмээр шинжтэй асуултаа асуулаа.

Friday, October 9, 2015

Алтайн магтаал



Алтайн магтаалын үг тогтсон үг хувилбараар байдаггүй ч, хамгийн түгээмэл хувилбарынх нь үгийг сийрүүлж бичлээ.

Өглөөдөө жингээр униартаж л байдаг
Өдөр дунд нь суунаглаж л байдаг гэвэл ээ
Үеийн үедээ өнтэй тарган байдаг
Өргөн өндөр хүдэр баян буурал
Алтай хангай хоёр минь билээ

Арын өндөр хөвдийн нуруу дүнхийж л байдаг
Аршаан булгийн ус нь булиглаж л байдаг гэвэл ээ
Ангир галуу шувуу ганганаж л байдаг
Арын харгай мод нь дүнхийж л байдаг гэвэл ээ
Арвин аа уужимхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Шилийн цас нь хайлан
Шимээ дэгдээн хайлан урсаж л байдаг
Шинэхэн хөхөл ногоо нь
Ширгээ даган ургаж л байдаг гэвэл ээ
Шингэн дуутай хөхөө шувуу
Шилээ дамжин донгодож л байдаг
Үнэхээрийн сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Суунайн өндөр улаан уул нь дүнхийж л байдаг
Шөрвөгөр улаан ямаа нь
Шилээ даган шөргөлдөж л явдаг гэвэл ээ
Хаадайн өндөр торзойн нуруу дүнхийж л
Халиун харлаг тэх нь хадаа дамжин
Харгилдаж л явдаг гэвэл ээ
Харин ээ тэжээлтэйхэн үнэхээр сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Өргөн түмэн өндөр
Хүдэр баян хаан
Алтай нутаг минь гэнэ гэвэл оо...

Thursday, June 11, 2015

Жаран цагаан адуу


Жаран цагаан адууны маань
Алаг нь хаана байна ах нар минь,
Зургаан хошуу нутгийн маань
Ард нь хаана байна эгч нар маань
Наян цагаан адууны маань
Алаг нь хаана байна ах нар минь
Найман хошуу нутгийн маань
Ард нь хаана байна эгч нар минь...

Урианхай ардын дуу. Тувачууд мөн өөрийн хэлээр ("Конгурей" https://www.youtube.com/watch?v=Bkc70BXDBec) дуулдаг дуу.

Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эрслэн эсэргүүцэж байсан Баруун Монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийжээ. Тэр үедээ 600 мянга орчим хүн амын 480 мянгыг хороосон тэмдэглэл түүхэнд үлдсэн бий. Баруун Монгол нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй" гэж тэмдэглэсэн гэдэг.

Үлдсэн иргэдийн бослого хөдөлгөөнөөс сэрэмжилж бүх нум сумыг хурааж устган, зөвхөн Урианхайчуудыг ангийн арьс бэлтгэх үүрэгтэйгээр нум сум хэрэглэх эрхтэй нутагт нь түүхтэй. Магад энэ цаг үеэс, хөнөөгдөж, хөөгдөж үгүй болсон Монгол ард түмнээ үгүйлэн санагалзсан Урианхай түмний гуниг харууслаас эхтэй дуу болов уу.

Wednesday, February 26, 2014

Бүтэн шүд, ястай улаач байхын учиг

Бөө судлаачдын судалгаагаар "бөө" болоход бүтэн яс, шүдтэй байх шаардлага нэн тэргүүнд тавигддаг болох нь ажиглагддаг. Гэхдээ улаач болох хүний биеийг рентгенээр хараад, шүдийг тоолоод суудаг замч багш нарыг ер харж байгаагүй минь гайхал төрүүлдэг байв.

Sunday, December 15, 2013

Улаачийн даваа ба Асуудлууд

Хүн бүрийн амьдралд давах даваа, гүвээ, ололт амжилт, ухаарал бишгүй олон. Эд бүгд холбоо хэлхээгээр хэлхэгдэн цогцолсоор эрдэм мэдлэг, дадал, зуршил, туршлага болдог биз.

Харин улаачийн давах даваа, туршлага, гээд бодохоор ерөнхий хэдэн тойм багц, үе шатуудыг олж харж болох юм.

1. Улаач хүн биеийг болж төрөх
2. Онгод буурлууд нь улаач болох замд хөтлөх /онгодын шахаа гэж ярьдаг/
3. Улаач болох тавилантайгаа олж мэдэх
4. Онгод тэнгэрээ хүндэтгэн улаач болсноо тэнгэрт зарлан, биедээ залах
5. Онгод биежих хугацаа
6. Улаач биежих хугацаа...

Thursday, July 25, 2013

Бүл ба Толгой

Эрт цаг үеийн Монголчууд олон аян дайнаар эзэмшил нутаг дэвсгэр, ард олныг араасаа дагуулж байсан. Нэгэн харьяа засаглалд орсон ард иргэд дунд харьяалалд шинээр орсон ард түмэн, уугуул Монголчуудын тооны харьцаа 10:1 ч юм уу 9:1 байдаг байснаас аравтын засаг захиргааны системийг хэрэгжүүлж байсан байж таарах. Тэгэхээр цэвэр цусны нүүдэлчин Монголчуудын албан тушаал нь хамгийн багадаа гэхэд л 10тын захирагч байсан гэж дүгнэвэл эрт цагийн өвгөдүүд маань бүгд л дор хаяж 10 хүнийг "даргалсан" удирдагчид, ноёд байжээ.