Wednesday, October 24, 2012

Улаач болоод удаагүй үе /Дурсамж/

Уг удмаа залж явах учиртай
Улаач болохоо мэдээд
Эзэн богд хааныхаа ивээлээр
Эцэг өвгөдийхөө хайрыг хүртэн
Эд хэрэглэл сэлтээ бэлдээд
Элдвийг эргэцүүлэх явдал минь үргэлжилсэн юм.

Өвөг дээдэстэй минь холбож
Өөрийн үнэт эрдмээсээ хуваалцсан ачит багшийг маань Сэлхэнцэг гэдэг. Өдгөө өргөөний олон үрсэд өөрийн эрдэм ухаан, үнэт сургаалаасаа харамгүй хуваалцан өндөр тэнгэрийн их үйлд өөрийн бие чадал хэрээр зүтгэн яваа билээ. Тиймийн тул өндөр дээдээ залсан балчир нэгэн улаач би өөрийн зүгээс болон анд олон нөхдийн өмнөөс, өвгөд дээд буурлуудынхаа өмнөөс баярлаж талархаж гялайж явдагаа дахин дахин илэрхийлье.

Өөрийгөө улаач болох эсэхээ үл мэдэн будилж явахад минь уг гарвалтайг минь мэдүүлж өгсөн ачтан бол Эгшиглэн хэмээх залуу дархад удган, түүний отгийн өвгөд буурлууд үнэт сургаалаа хайрлан зөв явахыг учгийг тайлбарлаж тусалж байсан юм. Тэнгэрийн үйлдээ үнэнч зүтгэж, өвгөд буурлаа хүндлэн залж олон түмэнд тус дэм, ивээлээ түгээсэн зөв сэтгэлтэй зөв бодолтой зөв улаач юм. Тус дэмээ харамгүй хайрлаж байсанд талархаж баярлаж явдаг билээ.

Эдлэл хэрэглэлээ бэлдэж зэхэж яваад Энхээ хэмээх дархан тэнгэрийн хөвүүн, тэнгэрийн дор улаач болоод хаврыг үдсэн дархан ахтай учирч олон эд хэрэглэлээ хийлгэж, эрдэм ухаан мэдлэгээс нь шимийг арвин хүртэж яваа даа.

БӨӨ хэмээх далай мэт дундаршгүй гүн ухааны эрэг хөвөөнөөс нь сэлэхэд хэзээ ч сурч мэдэж барагдашгүй, мөн олон талаас нь харж олон мэдлэг эрдэм шидийг хурааж цаг мөч тутам өөр бусад улаач, удган зайрангуудаас ч, өөрийн өвгөд буурал онгод тэнгэрүүдээс ч, эгэл нэгэн амьдрал дундаас ч өчүүхэн гэлгүй хурааж, өөрийн зүтгэл сэтгэлээр, эерүү бодол санааг агуулан байж явах учиртайг мэдэж авсан юм.

Өвгөд буурлууд маань үрсийгээ энэрэх хайраар баян, үйлэндээ яарсан сэтгэлээр их үйлийг бүтээх арвин их хүсэл зорилготой заларсан нь хором мөч бүхэнд л мэдэгдэж байлаа. Намайг "бөө судалж", бэдэрч явах үед учруулсан улаач нар бүгд л зөв сэтгэлтэй зөв бодолтой, өвгөдийхөө үйлийг дааж яваа, өнгө мөнгөнд шунаагүй сайхан хүмүүс байж.

Эд хэрэглэл бүрийг бэлдэхэд ч саадгүй сайхан бүтэж, өвгөд буурлуудаа биедээ залахад ч зөрүүд гөжүүд явсан үрээ зовоолгүй заларсан юм.

* * *

Өвгөд буурлуудаа залаад эхэлж мэдэрсэн зүйл нь өвгөд буурлууд ямар их агуу хайраар үрсээ хайрладагийг хором бүр зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа. Эх нутаг, газар шороо, үр хойчсыхоо төлөө эцэг өвгөд минь халуун цусаа эцсийн дусал хүртэл шавхаж, үе үеийн эжий нар нулимсаа баран зүтгэж явсан тэр л түүхийг, тэр л сэтгэлийг энэ биеэрээ, өр зүрхээрээ мэдэрч, өөрийн жаргалын төлөө зүтгэн шаналж явсан түүх маань их том үйлийн төлөө болж, харалган явснаа мэдэж эхэлсэн юм даа.

Өндөр бидний залаад
Өөрөө бидний дайд сэтгэж үл дийлбэл
Өндөр биднийг залсны
Үнэн учир юун байхав

Өрөөл бусдыг ивээж
Өндөр тэнгэрийн дор
Өр зүрхнээсээ хайрыг түгээж
Өршөөл гэдгийг мэдэрч дийлбэл

Энгүй их үйлийг бүтээж
Эрхэст тэнгэртээ хүндлэгдэх болно
Эзэн богдын ивээл хайрыг
Энэ биендээ даасны учир тэр

Ухаан гээч үгийн
Учрын танин тунгаавал
Урдах замын нэг алхамаас
Гурав дахин холыг харна

Ухаарч сэхээрч үйлээ засвал
Урдах зам чинь гийж
Гурав биш таван алхамыг харж
Гуйвж дайвалгүй замнах учиртай

Арван алхамын цаадахыг
Ажиж дийлэх гэгээрэлд хүрвээс
Алтан ургийн хэлхээг батжуулах
Ашид мөнхийн ивээлийг хүртэнэ

Үрс та нарын энэ замбад
Үнэн хийх үйл чинь энэ
Хан тэнгэрийн үрс гэдгээ
Харин та нар урьдаар ухаар

Хүсэл бүхний учгийг тайлж
Хүлээс бүхнийг султган тавь
Хүрэл чулуун зүрхтэй ч бай
Хайлган уяран сэтгэлтэй ч бас бай

Хад чулуунаас ч хатуу бай
Хатан илднээс ч хурц бай
Харвах сумнаас хурдан бай
Хатгалдах дайснаас ч бүү эмээ

Хар хөлсөө бүү харамла
Хар биеэ бүү хайрла
Хар бүхнээс бүү халга
Харин чи бүхнийг давна

Хар бүхэнд хутгалдаж
Хатуу бүхнийг буталж
Халуун зүрх чинь зогслоо ч
Хайран бие чинь бутарсан ч

Хат зоригоо бүү мохоо
Хайр ивээлээ бүү гээ
Өвгөдийнхөө өрийг бүү өмлө
Өндөр заяагаа бүү гутаа

Хэрэв зээ үр минь чи
Замбад тухалж
Заяагаа худалдах
Залхуу хойрго
Зангаа гээгээд

Өндөр биднийхээ үйлийг гүйцээж
Өөрөө ухааран урагш гишгээд
Өнөд дуурсах ариун үйлийг
Өргөж биднийгээ дэмнэвэл

Алдар нэр чинь
Ашид мөнх үлдэхгүй байж болох ч
Ариун үйлийн чинь үргэлжлэл
Алтан ургийн чинь хэлхээ

Өндөр заяаг чинь эдлэн
Өргөн тив дэлхийд дуурсах
Энгүй арвин түүхийн эхлэл
Эрхэст тэнгэртээ мөнхрөх болно.

Өөрийн түүхээ бичих ажлын төгсгөлд өвгөд буурлууд өөрийн айлдвараа сонорт минь болгоож бичүүлэв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.