Tuesday, October 23, 2012

Улаач болоход хөтөлсөн жим /Дурсамж/

Олон олон үрсийн улаач болсон түүхийг эргэн нэг харахад өвчин зовлонд ороогдож, үхэл амьдралын заагт дэнжигнэж, хий биетийг харан хавийн олонд солиотой галзуугаар адлагдаж хэлж өгүүлэхэд ч бэрх зовлонг туулсан байх нь нийтлэг.

"Бөө олширч", удам бүрд улаач байх учиртай байхыг сонсоод өөрийн хамаатан ах дүүс дундаас улаач болох хүн байна уу? Хэмээн чихээ дэлдийлгэн нүдээ бүлтийлгэн ажаад, ажиг сэжгийг олж дийлэлгүй улаачдаа буух онгод шүтээнүүд хаана байна? хэмээн эрэлхийлээд бодол болон ажиж явсан өдөр хоногуудын нэгэн шөнийн нойронд урьд өмнө нь хаана ч харж байгаагүй энгийн хэрнээ өвөрмөц загвартай дээл өмссөн настай буурал ээж ирээд олон сургаал хэлээд энгэртээ тэврээд би ч эрхлээд, тэврүүлж байтал нүдэнд олон гайхамшигтай зүйлсийг кино үзэж буй мэт үзэж гайхаш баран баясаад сэрэвэй.

Гэтэл сэрсэний дараа айлдаж сургасан олон сургаал, харуулсан гайхамшгууд бараг бүгд ор тас мартагдаж "Өндөр дээд өвгөд буурлууд бид чинь үрсийхээ биед залраагүй байгаа ч харж манаж хамгаалж түшиж яваа шүү" гэсэн сүүлийн өгүүлбэр нь оюун ухаанд үлдсэн байлаа. За тэгвэл буугаагүй харж явдаг юм байж, хэн дээр маань буух бол гэсэн бодлыг тээж аваад цааш гэлдрэв.

Эзэн богдын улаачтай холбогдсоноос хойш (энэ үед өөрийгөө улаач болох тавилантайг мэдээгүй л явав) өмнөх бодлыг тээж явсан үед зүүдэнд хэц хэнгэрэг сонсдоод би биеэ хөдөлгөж дийлэлгүй байдлыг ажиж суутал хэц хэнгэрэгийн дуунаар нэлээн аялгатай яриатай нэгэн буурал ирээд эвийлж энхрийлээд эмгэг хуучтай газруудыг маань эмнэж домнож өгөөд "Энэ хүү бөө болно. Сайн харж хамгаалж байгаарай" хэмээн өөр нэгэн бууралд даалгаж өгөөд мордохыг мэдрээд сэрэв. Өндийн биеэ мэдэртэл бие гайхалтай эрүүл, цагийн зүү 06:00-ийг гозойлгон зааж, үүрийн шаргал гэгээ өрөө дүүрэн татсан байв.

Оюун бодолдоо энэ бүгдийг тунгааж үзээд "Би улаач болох үр нь юм болов уу? Арай үгүй байлгүй дээ. Бага наснаас өвчин хууч ороогоод хөөрхөн шаналалтай өссөн ч "Бөөгийн өвчнүүд"-ээр би тэгтэл хүндээр өвдөөгүй. Сайн муу "энерги" гээчийг мэдрээд өөрийн хэмжээндээ бясалгал үйлдээд, өөртөө зориулсан бариа засал хийж мэрэг төлөг тавьдаг, зөн совин гээчид итгэдэг ч далд ертөнцтэй шууд харьцаж чаддаг, үздэг хардаг гэхэд бэрх. Хэт хөөрөлдөө автаад "бөөгийн цагаан солио" гэгч шинэ эмгэгтэй болж байна даа" өөрийгөө зэмлээд л тас зөрөн зүтгэв. Гэвч үүний мөрөөр мөшгиж улаачидтай учран золгож, тэд ч энэ талаар өгүүлэхгүй болохоор "үгүй байх нь" хэмээн бодсон ч, онгод шүтээнтэй золговол энэ талаар баттай хариулт сонсох байх хэмээн найдаж байв. Гэсэн хэдий ч онгод буурлуудтай учран золгох боломж тохиолгүй л байсаар байв.

Үүний учгийг тайлах хугацаа нь болоо юу гэлтэй санамсаргүй тохиолоорнэгэн отгийн бууралд золгож улаач болох ёстой үр гэдгээ сонордон гайхан, хэсэгтээ л балмагдав. Үүнийг сонордоод удалгүй Тэнгэр удгандаа энэ талаар мэдээлж, хариуд нь өөр олон хүнээс батжуулахыг зөвлөж, өөр бусад зөв улаач нартай холбож өгч, холбож өгсөн улаач, онгод шүтээнүүдээс угтай эсэхээ баталгаажуулан, өөр бусад хүмүүсээр ч баталгаажуулаад эргэлзээгүй болоод авав.

Уг удмаа залах учигтайг мэдээд хамгийн эхэнд тулгарсан даваа нь өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрөх, дараа нь ар гэр бүлийхэндээ учирлаж ухааруулах, тэднийгээ ухааруулж чадаад сэтгэл санаа болон олон дэмийг авах, улаач болох замд хөтлөн залаалан босгох замч буюу багшийг олох гэх мэт хамгийн түрүүнд зайлшгүй туулах шалгуурт замналууд буй. Энэ бүгдийг даван туулж, өвгөд буурлуудаа залан далай их эрдэм ухаанаас нь өчүүхэн ч атугай өөрийн ухаандаа шингээж авахыг л зорин явна аа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.