Sunday, October 28, 2012

Гал дөлийг дээдлэх нь /Өвгөд буурлын сургаал/

Дүрэлзан бадрах галын
Дөл оч бүхнийг хүндэл
Улалзах улаан очийг нь ч
Урд нь сөгдөн хүндлэх учиртай

Хуруун чинээ жижигхэн байлаа ч
Хумсын чинээ өчүүхэн байлаа ч
Хумхийн тоос мэт оч байлаа ч
Харанхуйг гэгээрүүлдэг билээ

Галт улаан дөл
Гархит цагаан утаа
Улалзах улаан оч
Улаач үрс та нарт

Алт эрдэнээс үнэтэй билээ
Арвин шидийг хайрладаг билээ
Өвгөд буурлууд чинь чуулдаг билээ
Өөрийн чинь биеийг тэтгэдэг билээ

Өнгөрсөн түүхийг чинь сануулдаг билээ
Өртөөлөн байж мэдүүлдэг билээ
Өнгийг нь хараад сэргэдэг билээ
Өөрөө та мэдэрч дийлэхгүй ч
Үрс олон анзаарагүй ч
Үнэн учигийг нь мэдээгүй ч

Тэр л тивийн шүтээнүүд
Та үрсийн үйлийг
Өргөө гал голомт
Өвгөд буурал
Өрх бүл
Өөрийн биеийг чинь

Дааж тэтгэж явдаг билээ
Даамай сайн ивээдэг билээ
Үргэлжийн мөнхийн ивээлийг
Үнэн хүндлэлээрээ та нар хүртэх билээ

Бузрыг хүргэхгүй
Буяныг хурааж
Харыг хүргэлгүй
Хайраар тэтгэж

Асах улаан дөлийг
Арвинтаа дээдлэн хайрлаж
Хог буртаг бузар булай
Хорвоогийн муу бүхнээс
Хол залж шүтэн дээдэл
Хосгүй сэтгэлээр тахин баясга

Өргөө голомтийн чинь
Өөдлөх уруудах
Энэ л гал дөл голомтыг
Энэ бие сэтгэлээрээ
Дээдлэн хэр шүтэхээс хамаатай
Дорд харьцаж буртаглавал
Догширч харин хилэгнээд
Ангайх үрс та нарын
Амийг ч авах хилэнтэй

Та үрс түүнийг
Сонордож мэлмийдэж дийлээгүй байж болно
Сонордож мэлмийдэж дийлээгүй гээд
Сохор хүн бүдэргийн адил
Шороо тоосонд хутгалдахын адил
Ангал нүхэнд унахын адил
Аюул руу өөрийгөө үү хөтөл
Ариун бүхнийг бүү буртагла

Харин та үрс
Хэлж айлдсан бүхнийг минь
Мэлмий оюундаа тунгаагаад
Мэдэрч дааж дийлээд
Үйл бүхнийхээ зам мөрийг
Үнэн сэтгэлээс засаж дийлбэл

Өршөөл хайрыг хүртэх болно
Үнэн шидийг олох болно
Отог бүлээрээ хүртэх болно
Олон даяараа ивээгдэх болно

Харин та үрс
Айлдвар захиас бүрийг минь
Анхлан сонссон хэдий ч
Амин зүрхний тольтод
Анхаарч үл тоож
Ариун гал дөлийг
Дээдлэн шүтэлгүй
Дэргэд нь байхдаа буртаглавал

Дээд ивээлийг минь хүртэх бүү хэл
Догшрох авирыг минь үзнэ
Отог бүлээр дээдлэх
Онгон ариун шүтээнээ
Өөрөө гутааж
Өнө мөнхөд доройтуулж буй хэмээн ойлго

Амь бие бүү хэл
Ашид мөнхийн сүнсээ
Үеийн үед тамлан тарчлаахаа ухааж

Үнэн учрыг
Махан бие
Мангуу толгойдоо тогтоо
Магад та нар ухааж үгүй бол
Хайран бие чинь хатан унаж
Хар толгой чинь бөмбөрөн өнхөрч
Өмхий бие чинь өтөнд ялзарч
Өр зүрх чинь өмрөн унана
Отог бүлээрээ үеийн үед
Оройгоос ёроол руу өнхөрнө

Гал улаан дөлний
Ивээл бүхнийг
Хүртэх эсэхээ өөрөө мэд
Хатуу догшин авирыг минь
Дааж чадах эсэхээ тунгаа


Хир буртаг бузар бүхнээрээ
Ариун дөлийг бүү гутаа
Хатуу харыг бүү өргө
Ариун сайхан гангаараа
Аргадан байж зөөллө

Шимт малын шингэн сүүний
Шар тосоор дэмнэн байж тэтгэ

Үүнийг
Үрийн үрд
Үеийн үед
Зааж сурга
Замнуулан өртөөлөн хүргэ

Өвгөд дээд эцгүүд чинь
Өндөр дээд ижий нар чинь
Өтүгэ цагаас эхлэн
Өөрийн бие сэтгэлээр

Гал дөл тивийн
Гайхамшигт шидийг шүтэн байж
Гай түйтгэр бүхнийг
Гамшиг аюул бүхнийг

Давж дийлж ирсэн билээ
Та үрсийг төрүүлсэн билээ
Танхил биеийг чинь дулаацуулсан билээ
Тархи оюуныг чинь хөгжүүлсэн билээ

Та үрс харин
Тэр л эгэл нууцыг
Тархи оюундаа тунгааж
Зөн билэгтээ шингээн
Зан заншил болгон

Шүтэн дээдэл
Сөгдөн мөргө

Үнэн учрыг ухаар
Үйл бүхэндээ тунгаа

Үеийн үед сануул
Үрс хойчдоо сурга

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.