Friday, June 7, 2013

Өвгөдийн сургаал - ХҮМҮҮН ААШ, ЖАРГАЛ, ЗОВЛОН, УХААН, ЗОРИЛГО

Хүмүүн аашны салхийг сөрөн
Хүсэл зоригийн галыг бадраан
Хүрэх алсын чигийг алдалгүй
Хүлээс уяагүй дүүлэн нисээрэй

Өвгөдийнхөө энэ товчхон сургаалыг анхлан сонордсоноо хойш 2 жил гаруйн дараа эргэн нэг тунгаан бодов. Тайлахыг хичээв.

Хүний амьдралын хамгийн гол саад тотгор гэвэл ХҮМҮҮН ААШ гээч зүйл байж таарах нь ээ дээ.

Саад тотгор болдог хүний ААШ гээчид ЯМБА-ЗАЛХУУРАЛ, ШУНАЛ, УУР ХИЛЭН, ӨШӨӨ ХОРСОЛ, АЙДАС, БАРДАМНАЛ, АМИНЧ ҮЗЭЛ, МУНХАГ-УХААН гээд тоочоод байвал арвин олон ААШ-ын салхийг сөрж байж нэг ХҮН БОЛЖ ТӨРСНИЙХӨӨ учрыг таних боломж бүрдэх юм болов уу.

ЯМБА-ЗАЛХУУРАЛ - Өрөөлийг өөрийхөө сэтгэлд тааруулан, зүгээр суувал жаргах мэт
ШУНАЛ - Олж идвэл цадаж жаргах мэт
УУР ХИЛЭН - Хилэнгээ бадраагаад бусдыг чичрээгээд л жаргах мэт
ӨШӨӨ ХОРСОЛ - Өс санаж, өшөө авбал амирлах мэт
БАРДАМНАЛ - Өөрөө л мөнхөд тамиртай, хүчтэй, орь ганцаар ноёлох мэт
АЙДАС - Бэмбэгнэж нуугдаад л аюулгүй, мэнд үлдэж жаргах мэт
АМИНЧ ҮЗЭЛ - Өөрийгөө л болгоод өрөөлийг умартаад жаргах мэт
МУНХАГ-УХААН - Өөрийн бодсон санасан л зөв байж хүссэн бүхэн нь зөв замд хөтлөх мэт санаж үйлдсэн бүхэн нь зовлонгоос зугтаж жаргал руу тэмүүлэх үйлдэл нь мөн чанартаа аюулт салхиний үүсэл болохыг таньж, БОДОЛ, ҮГ, ҮЙЛДЭЛ, ДАДАЛ бүхнээ хянаж явууштай.

Энэ бүгд зан чанар ганц надад биш, бүх хүмүүст их бага хэмжээгээр байдаг. Надаас ч тэр, өрөөл бусдаас ч тэр ХҮМҮҮН ААШ гарах нь тодорхой. Тэд бүгдийг тэвчин, ухаажин, удирдан залж, засч залруулж явах ухааныг олох нь чухал байх нь.

Бодол, бие, сэтгэл хичнээн ариусаад ариусаад ХҮСЭЛ ЗОРИГ, ХҮРЭХ АЛС буюу ЗОРИЛГО үгүй бол ХИЙЖ БҮТЭЭСЭН ҮЙЛ үгүй энэ насыг барах нь. Гэгээрч тунгаасан оюун ухааныхаа охь шимийг бусадтай хуваалцах, хурцалж бэлтгэсэн ухаанаа өр зөөлөн сэтгэлтэй хослуулан түмэнд тустай ямарваа нэгэн үйлийг гүйцээж байж хүн болж төрсний хэрэг бүтэх болов уу. Эс дийлбэл агуйд ганцаар гэгээрч, бясалгаж суугаад насыг барвал хүн болж төрсний хэрэг үгүй. Түмэнтээ гэгээрээд, гэрэл гэгээгээрээ орчлонг, олон түмэнг гийгүүлэхгүй юм бол орчлонгийн нэгэн сайн саар алин ч үгүй үхмэл сүнс болон замхарсантай ялгаа үгүй.



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.