Friday, January 4, 2013

2012/12/21 ба Түмэн Онгодын Чуулган /Бодол/

Манай тооллын хоёр мянга арван хоёрдугаар оны арван хоёрдугаар сарын хорин нэгэн. Дэлхий дахинаа зөн билэгтэн, мэргэч төлөгч, судлаач нарын дунд дуулиан шуугиантайгаар энэ дэлхийн тэрбум тэрбум үрс сэтгэл догдлон, эмээх нь эмээж, эргэлзэх нь эргэлзэж, сүсэглэх нь сүсэглэж, шүтлэггүйчүүд нь баясан угтах энгийн мэт хэрнээ онцгой нэгэн өдрийг нийт олноороо угтан авч, үджээ.

Эртний Маяачуудын болон өөр олон одон орны судар шастирт хүмүүн төрөлхтөн загасны эринээс бумбын эринд шилжих мөч эл өдөр тохиох юм гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байсан хэдий ч тэр өдрийг дэлхий сүйрэх, галах юүлэх, байгалийн гамшиг тохиох юм гэх зэрэг олон цуурхал, ам дамжсан яриа газар авсан байлаа.

Wednesday, January 2, 2013

Өвгөдийн хайр

Нэгэн орой үеийн залуустай шахалдан, бөглөрөл дунд үе үе огцом зогсох автобусанд уначихгүйг хичээн бариулаас зууран дэнжигнэсээр харихаар явж байлаа. Явдал дунд нэгэн зогсоолоос 2-4 насны хоёр ач зээгээ дагуулсан, нэгийг нь нуруундаа үүрч нэгийг нь гартаа хөтөлсөн өвөө орж ирлээ. Насаар тавь, жар эргэм насны болов уу гэмээр, толиотой буурал байв. Өндөр настай, бага балчир хүүхэд үүрснийг нь хараад суудал дээр суусан нэгэн залуу бүсгүй суудал тавьж өгөв. Хөтөлж явсан жаахан хүүгээ суулгачихлаа. Жаахан хүүхэд үүрсэн байгааг хараад өөр нэгэн залуу бас суудал тавьж өгөв. Үүрч явсан 2-3 настай жаахан хүүхдээ суулгаад өөрөө зогсч хоцров. Хоёр ч хүн суудал тавьж өгөхөд өөрөө суугаагүй болохоор бусад хүмүүс суудал тавьж өгөхийг яарсангүй. Тэр өвөө ч өөрөө суухыг хүсэмжилсэнгүй бололтой.