Thursday, July 25, 2013

Бүл ба Толгой

Эрт цаг үеийн Монголчууд олон аян дайнаар эзэмшил нутаг дэвсгэр, ард олныг араасаа дагуулж байсан. Нэгэн харьяа засаглалд орсон ард иргэд дунд харьяалалд шинээр орсон ард түмэн, уугуул Монголчуудын тооны харьцаа 10:1 ч юм уу 9:1 байдаг байснаас аравтын засаг захиргааны системийг хэрэгжүүлж байсан байж таарах. Тэгэхээр цэвэр цусны нүүдэлчин Монголчуудын албан тушаал нь хамгийн багадаа гэхэд л 10тын захирагч байсан гэж дүгнэвэл эрт цагийн өвгөдүүд маань бүгд л дор хаяж 10 хүнийг "даргалсан" удирдагчид, ноёд байжээ.

Өнөө цагт захирагддаггүй, үгэнд ордоггүй олон ажилтантай, дарга болохыг тэмүүлдэг зан чанар их илэрдгийг дээрхи шалтгаанаар тайлбарлах нь олон тохиолддог. Захирагдах дургүй зан чанарыг "удамшиж ирсэн" гэж үзэх нь бодоод үзэхэд байж болох явч, зөрүү зүйлс ч мөн байх болов уу.

Аравтын захирагч байлаа ч зуутын даргад захирагдана. Мянгатын захирагч байсан ч түмтийн захирагчид захирагдана. Түмтийн толгой байлаа ч хаан эзэндээ захирагдах нь тодорхой шүү дээ.

Тэгэхээр "захирагдах дургүй" хүмүүс сайн ТОЛГОЙг л эрэлхийлдэг, сайн ТОЛГОЙгоосоо сайн толгой байх эрдэмд суралцдаг учиртай байх.

Миний хувьд бага байхаасаа л даргална, удирдана гэдгийг "дарж дарамталж, ажил хийлгэх" гэдэг утгаар нь ойлгож, бүгд даргын үгэнд орж, загнуулахаас айж бэргэсэндээ ажлаа сайн хийдэг дүр зургийг сэтгэлдээ сайн шингээсэн байв. Менежментийн нарийн ухааныг мэддэггүй болохоор ч тэр байж магад.

Харин удам угсааны өвгөдөө залж, өвгөдийн оюун ухааны шимээс багахан ч болов ой тойндоо тунгаах болсноос хойш отог бүлийн толгой болсон онгодууд өөрийн үрс, отог овгийн олныг хэрхэн энэрч, санаа тавьж, өөрийгөө "олон түмнийхээ боол" мэт үздэгийг гайхаж биширч эхэлсэн билээ.

Яагаад ДАРГА биш ТОЛГОЙЛОГЧ гэдэг үгийг хэрэглэдэг учрыг тунгаахыг оролдов. Толгой онгод, отог омгийн толгой, бүлийн толгойлогч гэх мэт үгс.

Энэ биеэр толгой гэж юу билээ гэдгийг бодоод үзье. Энэ толгой доторхи тархи бүхнийг бодож тунгааж үйлдэл болгоно. Толгойнд агуулагдах ам хэлээрээ бусдад ойлгуулж, толгойнд агуулагдах чих, нүдээрээ мэдээллийг хүлээж авч боловсруулан бодож тунгаана. Толгой доторхи тархиараа бодож сэтгэж бүх биеэ удирдаж хөдөлгөнө. Биеийн энд тэнд бэртэж гэмтэхэд толгой тархинд өвдөлтийг мэдэрч өвдөж шаналж, гэмтээгүй бусад хэсгүүдийн ажиллагаа ч суларна. Бүх л юм толгойгоор дамжина. Толгой чухал гээд бусад эд эрхтнүүдийг гаргуунд нь хаядаггүй. Даарвал хөдөс ч болтугай олоод нөмөрч, өлсвөл юм олж идэж, ирж хазах ялаа шумуул, араатан байсан "толгой" шийдвэр гаргаж үргээнэ.

Шархдаж гэмтсэн гар хөлөөр ажил хийлгэж бэртлийг сэдрээж, тайрах нөхцөл байдал, бүр цаашлаад биеийг үхэлд хүргэхгүйн тулд эмчлэх үүргийг бас толгой хүлээнэ.

Жишээ ургуулан бодов

Тавуул хамтаар нэг үйлийг дүүргэхийг зорьжээ. Нэг нь толгойлогчооор сонгогдон, хоёр гар, хоёр хөлд ажил үүргийг хуваарилж, хугацааг төлөвлөж өгөв.

Бүгд л тэр үйлдээ зорино. Гэхдээ хүн бүр хувь хувьдаа ар гэр, зугтах хойшлуулах аргагүй ахуйн олон ажил, асуудал, хүсэл сонирхол, дадал зуршил, зан чанарууд бий.

Ажлын гүйцэтгэлийн хугацаа дуусаад ажилчдынхаа хийсэн ажлыг хүлээж авах болоход:

1. Нэг хэсэг нь хариуцлагатай хийж дүүргэсэн байж болно.
2. Зарим хэсэг нь хугацааг нь тулгаад хагас дутуу хийж болно
3. Үлдсэн хэсэг нь хийнэ гэсэн боловч огт хийгээгүй байж болно.

1-р тохиолдолд ямарч асуудалгүй "сайн гар хөл".
2, 3-р тохиолдол нь "залхуу гар хөл". Залхуу гар хөлийг арга хэмжээ авч шийтгэхийн урьдаар яагаад дутуу хийв ээ? гэдэг шалтгааныг олж дахин давтуулахгүй байхыг ТОЛГОЙ МЭДНЭ.

Яагаад МУУ ГАР ХӨЛ гэж?

Ихэнхи "толгой"-нууд "муу гар хөл"-ийг шууд л тайраад шинэ гар хөл залгахыг бодно, зарим нь хиймэл, технологийн дэвшилттэй гар хөлөөр солихыг бодно.

Өмнө дурдсанчлан хүн хүнд хувийн "ажил, асуудал" байдаг. Түүнийгээ зохион байгуулж хийж чадаагүйгээсээ болоод дааж авсан ажлаа дутуу хийх буюу хийж чадаагүй байж болох. "Шархтай гар хөл" байсныг нь мэдэлгүй зүтгүүлсэн байж болно. Тэгэхээр ажил даалгахын өмнө "гар хөл"-ийг эмнэж додомдох уу, ажлын үеэр авсан шархыг нь домнох уу, бүх биеэр тэнхээ мэдэн зүтгэж байтал аль нэг нь гэмтсэнийг анзаарахгүй яваа юм биш байгаа, зөрүүд зоргоор нэгэн "гар"-ыг сул тавьж бүх биеийг хойш нь чангааж байгаа юм биш байгаа гээд ТОЛГОЙны цаг үргэлж мэдэж байх ёстой зүйлс их.

ТОЛГОЙг машины жолооч эсвэл зорчигч, БИЕийг машин гэж үзвэл зорьсон газартаа МАШИН, ЗОРЧИГЧИД хамтдаа л хүрэх нь ЗОРИЛГО.

Ямар нэгэн байдлаар цаг хугацаандаа хүрч чадахгүй байдал үүсэхэд ТОЛГОЙ хариуцлага хүлээнэ, ТОЛГОЙны өмнө ГАР ХӨЛ хариуцлага хүлээнэ.

Цагтаа хүрч чадахгүй нөхцөл байдал хэн нэгнээс болж үүсэхэд ТОЛГОЙ хариуцлага ял үүрнэ гэдгээсээ чилэхээс илүүтэй бусад ажилчид хийх юмаа бүрэн хийж бүх сэтгэл, хүчээрээ зүтгэсээр байгаа хэрнээ хүрч чадахгүй түүнээс болж хариуцлага үүрэлцэх, хохирох болж байгаад илүү чилж, үүнээс урьдчилан сэргийлэх нь л ТОЛГОЙНЫ УХААН, ЧИН СЭТГЭЛ.

Тэгэхээр удирдагч хүний ухаан гэдэг удирдаж буй салбар, хэлтэс бага, компани, корпораци, гэр бүл байна уу ялгаагүй тэр БҮЛийг нэгэн бие гэж үзэн хүн өөрийн биеийг яаж удирдаж, тордож явч явдагтай адил үзэх нь зүй байх нь ээ.

Ажиж тунгааж суусаар багахан ухаарлыг олов.

Ухаарал үйл болохгүй бол мартагдана.
Ухаарал үйл болохгүй, амаар цуурагдаад байвал ХООСОН ЦЭЦЭРХЭЛ болно.
Ухаарал олон хүнд хүрч, үйл болж байж л ЭРДЭМ гэж нэрлэгдэнэ. ЭРДЭМ олныг хурааж байж МЭРГЭН гэгдэнэ.
Ухаарал бүхнээ үйл болгоод байвал ХҮН ШИГ ХҮН БОЛНО.


Харзэдийн эхний хүсэл: Ухаарлыг олох юмсан.
Харзэдийн хоёр дахь хүсэл: Хоосон цэцэрхэгч л болохгүй юмсан.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.