Wednesday, February 26, 2014

Бүтэн шүд, ястай улаач байхын учиг

Бөө судлаачдын судалгаагаар "бөө" болоход бүтэн яс, шүдтэй байх шаардлага нэн тэргүүнд тавигддаг болох нь ажиглагддаг. Гэхдээ улаач болох хүний биеийг рентгенээр хараад, шүдийг тоолоод суудаг замч багш нарыг ер харж байгаагүй минь гайхал төрүүлдэг байв.

Нэг хоёр хаврын урьд жаахан мунгинаж явах үедээ Хар Соно зайрантай золгох үед надаас "нэг шүд нь ганхчихсан явна аа даа?" гэж асуухад учрийг ололгүй гайхан хэлээ аман дотроо бултгануулж шүдээ тэмтэрч үзэх зуур, "шүд ганхана" гэж ахуй амьдрал, эрүүл мэнд гэх мэт зүйл дээр ямар нэг асуудлыг сэтгэлдээ тээж будилж явааг ийн хэлдэгийг тайлбарлаж өгөв.

Учрийг тунгааж дэлгэрүүлэн бодвоос:

Алив улаач болох заяат хүмүүнийг урьдаас бэлтгэн, бодол оюуныг нь цэгцэлж байж ариун дээд онгод шүтээнийг залахыг мэргэн оюунт замч, багш нар чухалчилдаг. Онгиргон ойворгон зантай, өвгөдийн шид хүч хүндлэлийг багахан таньж эхэлмэгц ихэрхэг аагирхах сэдэлтэй, улаач хэмээх хатуу бөгөөд хариуцлагатай тавиланг дааж явах, алд бие, замба нартын ахуйгаа аваад явчих арчаатай, асуудал бэрхшээл тохиоход даваад гарах сэтгэлийн тэнхээтэй, хичээнгүй зүтгэлтэй, үнэнч шударга, өрөөл бусдыг өөлж гоочлох, шунаг сэтгэлгүй, тэнүүн мэргэн оюунтан байхад ШҮД БҮТЭН байх шалгуур бүрдэх нь тэр бололтой.

Түүнээс биш жинхэнэ бөө хуурамч бөө эсэхийг шалгах гэж амыг нь ангайлгаж, хэдэн шүд унасан, хиймэл шүд хэд байгааг тоолох асуудал биш байжээ.

Улаач хүмүүн гэдэг хэдий тэнгэрийн ивээл, хүчийг газарт өртөөлөн булгаж түмэнд буяныг түгээх хэдий ч өөрийн энэ бие, ухаан, үг, үйлдлээрээ түмэн олонд үлгэрлэн дуурайлалтай байхаар биеэ авч явах нь бүтэн ястай байхын учир байх нь. Хажуу дэргэдэх, учран золгосон хүмүүстээ түшигтэй, хүлээцтэй, элдэв хов жив, явган яриагаар хүлэг хийгээд байдаагүй, товчхондоо хэлэхэд ХҮН ШИГ ХҮН байхыг л ЯС БҮТЭН гэж хэлдэг ажээ.

Тэнгэр шүтлэгээсээ зуун зуунаар таслагдан, сүүлийн 20 гаруйхан жилд эрчимтэй сэргэж байгаа БӨӨ МӨРГӨЛийн сэргэлтийн үед улаач болох хүн болгоныг хүмүүжүүлж суух цаг үгүй, өвгөд дээдүүд нь үрс олноо засч, ухаарлыг түгээхээр яаран яаран, шахан шахан бууж байгаа билээ. Урьд цагт бол үр хүүхэдтай болж, амьдрал ахуйгаа тэгшилсэн, нас тогтож намба суусан үрсийн алд бие дээр онгод буурлууд залардаг байсан тухайн нэгэн отгийн буурлаас улаач болохоос урьд сонсч байлаа. Нас тогтож амьдрал ахуйгаа тэгшилж үр хүүхэд, эгэл ахуйд түүртэхгүй болсон хүн тэнгэрийн үйлийг эндэлгүй дааж явахыг танисан их байдаг ухаан байжээ.

Энэ цаг үед улаач заяанд төрсөн тэнгэрийн тамгатан бүр балчир, идэр, өтөл гэлтгүй бүгдээр хал үзэж хашир сууж амьдралын мөн чанарыг таньсан өвгөд эмгэд, онгод шүтээнүүдийнхээ дайтай ухаарлыг тээж, явдал мөр, гишгигдэл бүрээрээ төрөл бүл, олон түмэндээ тустай байхыг дор бүрнээ хичээж явах нь элдэв шид үзүүлж мэргэ төлөг тавихаас илүүтэйгээр бөө мөргөл, тэнгэр шүтлэгийг түмэн олонд зөвөөр таниулан түгээн дэлгэрүүлэхэд дэмтэй билээ.

Тэнгэрийн улаач болсон гээд замба нартын үйлийг хаяж гээж умартах бус
Тэнгэрийн улаач болсон гээд ямбын дээдийг хүртэж суух бус
Тэнгэрийн улаач болсон гээд эжий аав, анд нөхөд, ахан дүүсээсээ холдох бус
Тэнгэрийн улаач болсон гээд газрын зовлонг туулж биш тойрч явдаггүйг ухаарч явбал ХҮМҮҮН болж төрснийхөө учгийг умарталгүйгээр нартад туулах заяагаа бүтэн мөртэй дүүргэх буй за.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.