Thursday, July 26, 2012

Хар Зүрхний Хөх нуур 2012.7.24 /Аялалын тэмдэглэл/ 1-р хэсэг

7-р сарын 24-ны өглөөний буулт товчхон болж өндөрлөв. Буурлууд маань үрстэйгээ золгон хэлэлцэж суусан ч "Улаач үр үйлтэй" хэмээсээр яаруухан мордов. Мордсоны дараа тэргүүнээ авч тавиад төд удалгүй байтал Тэнгэр удган маань утас цохин Хар зүрхний хөх нуур луу яг одоо 2 хоногийн хугацаатай явах эсэхийг асуув. Унаанд нэг хүний зай бий гэнэ. Би ч бөөн баяр уухайн тас зөвшөөрч хуяг хувцасаа эмхлэн цүнхэлж аянд бэлдэж дуустал Тэнгэр удган, нөхдийн хамт өргөөгөөр маань дайрч аваад, замаараа ганц нэг дэлгүүр орж, шатахуунаа сэлбээд замдаа гарлаа.

/Хар Зүрхний Хөх нуур - Монголын нууц товчоонд Эзэн Богд хааныг Хамаг Монголын ханд өргөмжилсөн түүхт нутаг. МНТ-нд олон дурдагдсан дурсгалт газар юм./

Аянд 9 улаач явахаар болсон байлаа. Их чухал үйлтэй бололтой. Санамсаргүйгээр их үйлд оролцохоор яваадаа тун баяртай байв. Засмал замаар саадгүй жирийсээр Хар Зүрхний Хөх нуурт очин Их Эзэн Богд хаан, Монголын эзэнт гүрний үе үеийн хаад, Өрлөгүүдийн хөшөө дурсгалыг үзэж сонирхож дуусаад олон түмний хөлөөс зайдуу газар очин буудаллав. Түүхийн дурсгалт сайхан нутагт олон байшин барьж онгон дагшин байдлаа алдаж эхэлсэн таагүй дүр зураг харагдав.

Буудаллаж эхлэх даруйд Тэнгэр удган хүрээ хамгаалалтаа татан бэхлээд ирэв. Хөх нуурын ундарга болсон ариун булгийн рашаанаар хамаг савнуудаа дүүргэж ирээд зөөврийн хийн зууханд борцтой гурилтай шөл хийж амтархан идээд ойр хавиас унасан хуурай гишүү мөчир түүж ирээд гал өрдөн хуяглан өвгөдөө залахад бэлэн болов. Өндөр дээд ижий нар залрах чухал бөөлөө болой. Тэнгэр удганд олон өндөр дээд ижий нар заларч, бусад улаач нар ч удмыхаа өндөр дээд ижий нарыг биедээ залав.

Тэнгэр удганд маань заларсан нэгэн ижий "Энэ бол мянганд ганцхан тохиох бөөлөөн" хэмээн сонордуулав. Үүнийг сонсоод "Тэнгэр ээж залрах бололтой" гэсэн бодол зурсхийн орж ирэв. Олон ээжүүд орж ирж, Тэнгэр удганд заларсан өндөр ижий нар улаач нарт, заларсан буурлуудад маш их эрчмийг түгээж байгаа нь мэдрэгдэж байлаа. Улаач нарт заларсан ижий нар уйлах сонсдож байна.

Гэнэт "Өнөө гарагт залрахад таниагүйг чинь энэ удаад өршөөе." гэв. Тэнгэр эжий заларсан бололтой. Улаач нарт заларсан буурлууд маань таниагүй юм болов уу? Мэдэх юм алга. "Өнөө гарагт дэлхийж эжийгээ аврах их дайн эхэлсэн. Их хүч сэрлээ. Заларсан буурлууд өөрийн андуудаа дууд. Их тулаанд их хүчээ хураа." гэсэн зарлиг сонордуулав. Алдад минь заларсан буурал үйлээ хийгээд босч эргэн тойрон хэцээ дэлдэн ёсолж андуудаа дуудаад мордов.

Улаач нарын буурлууд өөр өөрийн андуудаа дуудаад мордоцгоожээ.

Дараа нь улаач нар буурлуудаа тааваараа залан бөөлсөөр нэлээн орой болсон байлаа. "Жалам хар" улаачийн өвөг жанжин, манай өвөг жанжин золгон хөөрөлдөж суув. "Жалам хар" улаачийн жанжин цэрэг бэлэн, тулаанд бэлэн хэмээж байв.

Тэнгэр удган удалгүй бөөлж их үйл хийж байгаа бололтой. Шинэхэн улаач нар харж суусаар таарав. 99 тэнгэрийн чуулган газарт болсон байжээ. Нэмж их хүчийг сэрээж дуудсан байлаа.

Үүр цайж эхлэх үед амрахаар зэхэж байтал "Жалам хар" улаачид өндөр дээд өрлөг Мухулай жанжин идтэй хавтай залран "Их цэрэг бэлэн, Баатрууд тулаан бэлэн." хэмээн тунхаглан зарлаж их хэнгэрэгээ дэлдэн байв. Би ч түшээ хийхээр гүйж тагш, унд бариад очтол Мухулай жанжин эзэн хаандаас сөгдөн ёсолж байгаа бололтой байв, гэтэл дээдсүүд маань хуяглаагүй байхад алдхан биед минь дайран бууж баатрын ёсолгоогоо хийж хөдөлгөөнгүй хөшив, их хүч, ааг омог мэдрэгдэж байна, тулаанд бэлдсэн, тушаал хүлээж буй аятай л байв. Тэнд байсан үрс гэнэт хуяггүй буусанд сандарч Тэнгэр удганыг дуудаж байдлыг хэлж, Тэнгэр удган ирээд "Жалам хар" улаач, бид хоёрт бууссан жанждыг тайвшруулан мордууллаа.

1 comment:

Note: Only a member of this blog may post a comment.