Friday, July 20, 2012

Дурсамж

Тэнгэр үзэл,  тэнгэр шүтлэг. Төрж өссөн орчин төрөл бүлүүд минь энэ бүхнээс хол хөндий, "Бөө гэж байдаг юм гэнэ лээ. Эрт цагтаа ид шидтэй байсан юм гэнэ лээ." гэсэн ам дамжсан ярианаас өөр мэдээлэлгүй байж. Ижий аав өвөө эмээ нарын минь бага залуу нас шашин шүтлэг, ид шидийн талаар ярихад ч бэрх хатуу нийгмийн хэлхээнд өнгөрчээ.

Цаг үе эргэн энэ талаар ярих, хийх чөлөөтэй болсонтой зэрэгцэн олон отог омгийн өвөг дээдүүд өөрийн улаач үрсдээ залрах болж, сайн саар нь сайн муу хэлэгдэх цаг дор өөрийгөө эгэл хэмээн сэтгэж явсан би ч өвөг дээдүүдийхээ шүтээнийг залж улаач болох тавилантай нэгэн гэдгээ мэдсэн юм.


* * *


Бага насандаа өвөө эмээ нарыхаа дэргэж өсч, эрт цагийн хутагт хувилгаад, номтой эрдэмтэй идтэй шидтэй, мэргэн түргэн, зөнч хуврагуудын тухай,  мөн буг чөтгөр, лус савдагийн тухай домог хууч яриаг чихээ дэлдийтэл сонсч, арай том болоод далд ертөнц, зургаа дахь мэдрэхүй, онцгой үзэгдэл (парапсихологи) энэ бүхнийг өөрийн эрхгүй сонирхон чадал хэрээрээ л ном сонин сэтгүүл, интернэт уншиж судлах болсон юм. Гэвч энэ судалгаа маань БӨӨгөөс холуур л яваад байв. Хэнгэрэг дэлдэж үсчиж цовхчсон, навсархай ноорхой, хөөс сахруулж савж унасан хэв шинжтэй зурагтаар харж байсан ерөнхий дүр зураг л сэтгэлд үлдсэн байв.

* * *

Бага балчир насандаа өөвөө эмээгийхээ дэргэд өссөн, өвөө эмээгээ халихад нь ямар нэгэн тэнгэрийн оронд очсон би хэмээн итгэж хоцорсон байв. Өвөө эмээ маань өөрсдийхөө өвөө эмээ нартай хамт байгаа, миний танихгүй өвөө эмээ нарын өвөө эмээ нар ч бас тэнд хамт сууж байгаа даа гэсэн бодолтой зэрэгцэн Их Монгол гүрний үеийн байлдан дагуулал, Хүннү гүрэн, Хүй нэгдлийн үеийн өвөө эмээ  нараа ч үгүйлэн эрэлхийж өөрийн төсөөлөлдөө ургуулан бодох бодол, тэд маань ямар хүмүүс байсан бол? Ихэс дээдэс, эгэл ард аль нь ч байсан эргэн нэг уулзалж өлмийд нь сөгдөн хуучлах юмсан, цаг хугацааны машин гээч нь байсан бол түүгээр нэг зорчих юмсан гэсэн хөнгөн хийсвэр мэт мөрөөдөл бодолдоо умбах үе бага насанд минь зөндөө тохиолдож байжээ. 

Христ, будда олон бурхдыг шүтсэн дүртэй маань мэгзэм тарни хэдийг цээжиндээ хадгалсан, уул уус овоо хангай, тэнгэр бурхан, лам багш, өвөг дээдүүд гээд залбирч болох бүх л зүйлсэд сүсэглэн залбирчихдаг, жил бүр зүг мөрөө гаргаж засал ном хийлгэчихдэг. Хичээл ном ажил төрөл саадгүй сайхан бүтэж дардан замаар өнхөрч явав.

* * *

Далд ертөнцийн талаархи судалгаа маань удаахан, алсуур ч гэсэн урагшилсаар Бөө мөргөл гээч зүйлтэй гарцаагүй тулгарав. Энэ үед Галаарид хэмээх судлаачийн блогоос онгод тэнгэрүүдийн онцолж хэлсэн хэтэрхий гэмээр мэргэн айлдваруудыг уншиж ам, телевизийн нэгэн сувгаас бөө мөргөлийн тухай  нэвтрүүлгээр олон онгод буурлуудын "ярилцлага"-ыг үзэж амьд ахуй цагийнх нь түүхийг сонсоод "Ам ангайж нүд бүлтийж чих дэлдийнэ" гээч л болсон юм. 

Өнөө цагт олон отог омгийн онгод тэнгэрүүд улаачдаа залрах болно. Онгод тэнгэрээ авах учиртай хүмүүст ерөнхий тохиолддог шинж тэмдгүүдэд "Гоц чадвартай байх, олон янзаар өвдөж зовох" гэх мэт шинжүүд орж байв. Эдгээр шинж тэмдгүүдийг ойр орчны ах дүүсээсээ битүүхэндээ хайж шинжиж эхэлвэй...

* * *

Эрэл хайгуул маань ч удаахан урагшилж, энгийн амьдралдаа ч ээнэгшин дассан байлаа. Өөрийн эрдэм чадал, эр бярандаа ч итгэл төгс. Сургууль соёлоо дүүргэж амьдралын их далайд хөл тавих үеэс минь эгзэгтэй мөчүүдэл бүтэлгүйтэл, хувийн амьдрал санаснаар бүтэхээ больсон байв. Урьдын бага балчир насанд санасан бүхэн минь бүтэж, хүссэн бүхэндээ хүрч, сарвайсан болгоноо авдаг чухамдаа агаарт дүүлж усанд шумбан алдаж явсан омголон амьтан газрын энхэл донхол бартаа саадтай амьдралд хөл тавих нь тэр. Нойр хоолгүй хуруу хумсаа хугалах шахан зүтгээд зүтгээд ололт үгүй, сүүлдээ сэтгэл санаа гундуу, хийж бүтээх бүрт үр дүн нь урвуугаар гардаг болов. Энэ бүхэндээ өөрийгөө буруутган дорой байгаадаа гутарна. Ингэлээ гээд бор дарсанд шунаж, алд биеэ зольж энэ замбативээс ангижирсангүй. "Ижий ааваа амьд ахуйд зовлонгийн дордыг үзүүлэхгүй. Амиа хорлобол сүнс нь тамд унадаг." гэсэн ойлголт бат шингэсэн байлаа. Эргээд л далд ертөнцөөс өөрийн амьдралын утга учрыг хайсан эрэл хайгуулаа хийж эхлэх нь тэр. Библи, бурханы ном уншиж будда, христийг багагүй судалсан, миний эрэл биш. Мэргэн түргэн хүмүүст хандаж хувь заяагаа өөр хүнээр зуруулахгүй юм шүү гэсэн сууриндаа бат зогсоостой. Өөрийн удмын онгод тэнгэрүүд буухаар  л асуухаас... Сүүлийн үед зүүдэнд яриад. Хааяа өдрийн цагт ч сонсоод. Галзуураагүй байгаа даа... Арай би биш байгаа... Арай үгүй байлгүй дээ. Улаач хүмүүс онцгой байдаг юм гэсэн шд, би биш. Харин буух цаг нь дөхөөд байгаа байх. Манайхнаас хэн нь хэзээ улаач болох юм бол доо. Тэр цагт нь сайн түшээ болно оо... 

Үүнээс хойшхи түүхийг дараа өгүүлнэ.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.