Friday, January 4, 2013

2012/12/21 ба Түмэн Онгодын Чуулган /Бодол/

Манай тооллын хоёр мянга арван хоёрдугаар оны арван хоёрдугаар сарын хорин нэгэн. Дэлхий дахинаа зөн билэгтэн, мэргэч төлөгч, судлаач нарын дунд дуулиан шуугиантайгаар энэ дэлхийн тэрбум тэрбум үрс сэтгэл догдлон, эмээх нь эмээж, эргэлзэх нь эргэлзэж, сүсэглэх нь сүсэглэж, шүтлэггүйчүүд нь баясан угтах энгийн мэт хэрнээ онцгой нэгэн өдрийг нийт олноороо угтан авч, үджээ.

Эртний Маяачуудын болон өөр олон одон орны судар шастирт хүмүүн төрөлхтөн загасны эринээс бумбын эринд шилжих мөч эл өдөр тохиох юм гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байсан хэдий ч тэр өдрийг дэлхий сүйрэх, галах юүлэх, байгалийн гамшиг тохиох юм гэх зэрэг олон цуурхал, ам дамжсан яриа газар авсан байлаа.

Энэ өдрөөс хоёр жилийн урьд төв Азиас эхлэн дэлхий дахиныг донсолгосон Хөх Монголын суу их алдарт удирдагч Суу Богд Их Эзэн Чингис Хаан хөрст дэлхий дээрээ, өөрийн улаач Аянгат удгандаа заларснаа зарлан, нэгэн жил гараны өмнө өөрийн баатар жанжид онгодууд, тэдний улаач нарт хандан зарлигаа буулган 2012 оны 12дугаар сарын 21ний морин цагт хөрст дэлхийгээ, Хөх Монголоо аврах их үйлийг, Шинэ Эрин цагийг эхлүүлэхээ албан ёсоор зарлигдан тунхаглан зарласан билээ.

ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАН ба ЕСӨН ТОЛГОЙ СУДАР

Түмэн онгод хөрт дэлхий дээрээ бууж чуулахыг жил гаруй хугацааны өмнө зарлагдаж, гурван сарын өмнөөс эл чуулган нь мянган улаач цуглаад л, мянган бөө бөөлөөд л үйлдчих хэрэг биш, наран саран, дэлхийн амийг тэтгэн мянган отгийн үрс эвлэлдэн нэгдэх учиртайг учирласан өндөр дээд буурлуудын айлдвар, зарлигууд дараалан бууж эхэлсэн билээ.

Эдгээр айлдваруудад эл үйлээр энэ дэлхийд бугшсан хар бүхнийг устган цайруулах амаргүй даалгавар байгааг анхааруулж, таван гарагийн хугацаанд дааж үйлдэхийг захисан юм. Харин шинэ эринийг гэгээрэлд хөтлөх арга ухааныг зааж жаяглах учиртай 9 толгой судрыг өндөр тэнгэрээс буулгаж дийлбэл эл чуулган нь нэгэн гарагт үйлдэгдэх учиртай болохыг ч өвгөд дээдүүд айлдсан билээ.

Энэ үйлийн учрыг, өвгөд дээдүүдийн айлдварын учрыг ухаж дийлээгүй, бүрэн уншаагүй ухвар мөчид хүмүүс таван шөнө, гурван шөнө харанхуй болох нь, нар баруунаас гарах нь хэмээн ташаа ухаажин цуурхал дэгдээж, энэ үйлийг өндөрлөсний дараагаар харанхуй болох нь хаана байна? муу хүмүүс үхэж далдрах нь яав? хэмээн ам асууж даапаалах аястай мэдээллүүд хаа сайгүй цацагдаж, өндөр дээд тэнгэрүүдийн үйлийг, хахир өвлийн хүйтнийг ажралгүй давж тэнхээжин зүтгэсэн үрсийн зүтгэлийг үнэгүйдүүлсэн мэдээлэл тарах болсон юм.

Есөн толгой судрын тухайд:

1. Их Түүхийн судар
2. Бичиг Соёлын судар
3. Бөө Гэгээн Тархины судар
4. Хас Төрийг Бадраах судар
5. Гэгээн Зөн буюу энэ цагийн улаач үрсийн түүх
6. Хар дайны судар
7. Огторгуйч эрдмийн судар (Ч.Эрдэнэ гуайн Супер нэгдлийн онол)
8. Сав шимийн судар
9. Эмнэх домнохуйн судар

Эл 9 судрын 7-9 дэх судрууд хэдийнээ бүтсэн, 1-6 дахь судрыг дээд тэнгэрээс өндөр дээд онгод буурлууд заларч улаач үрсээр дамжуулж айлдан, айлдаж хэлсэн бүгдийг аудио дуут хэлбэрт бичиж аваад, бичиж авсан дуу хоолойг бичиглэн буулгаж, эмхэтгэн өрж, сэтгэл нэгдсэн олон улаач нарын сэтгэл зүтгэл, нойр хоолоо умартан ажилласан нөр их хөдөлмөрийн хүчээр сар гаруйхны хугацаанд бүтэж, түмэн олны гар дээр хүрсэн билээ. Судар бүтсэн тухай нуршаад яахав. Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээл авахыг хүсье. http://tengermongolgazar.blogspot.com/2012/11/blog-post_20.html

Эдгээр Есөн толгой судар нь цааш задран 81 болох ба эл судруудыг ухан тайлж, ЭРДЭМ болгон оюундаа тунгааж ирэх мянганд гэгээрэлд хөтлөх үйл урагшлах учиртай аж.

Түмэн онгодын чуулган:

Мянган отгийн түмэн онгод чуулах мянган түүдэг галыг бүтэн өдөр шөнө тасралтгүй бадраах, идэр ес эхлэх ид хүйтэн жаварт нөмөр үгүй хөндий талд хэц хэнгэрэгийн дууг таслалгүйгээр тэнд цугласан улаач нар бөөлөх хатуу гэмээр даалгаварыг улаач нар хүлээсэн билээ.

Тэр их хүйтэнд яаж даарахгүй байх билээ, тэр их түлээ модыг яаж бүрдүүлэх билээ, мянган улаач хэрхэн цуглах билээ гэсэн асуултууд эл чуулганыг зохион байгуулах Гэрлийн өргөөнийхний толгойд эргэлдэн, зохион байгуулах олон сар хоногийг, сэтгэл зүрхээрээ нэгдсэн олон түмний хичээл зүтгэл хөдөлмөрөөр бүтсэн юм.

Тэнд цугласан улаач нарын тухайд, өндөр дээд онгод буурлуудаа өөд нь залж улаач болсон хэдий ч, өндөр тэнгэрийн шидээр олох идэхийг урьтал болгоогүй энэ цагийн ажлаа ч амжуулаад, өвгөд дээдүүдийхээ үйлийг ч таслахгүй үйлдэхийг хичээн зүтгэдэг, биеэ тоож гэдийгээгүй, өргөл барьц авч онгодын шидээр аархдаггүй зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв үйлдэлтэй улаач нар байлаа. Оюутан, сурагч, төрийн албан хаагч, багш, хувиараа хөдөлмөр эрхлэгч, уран бүтээлчид гээд эгэлхэн улаач нар цуглан их үйлийг бүтээж, эрин цагийг эхэлснийг өндөр дээд онгодуудтайгаа чуулсан юм.

Яагаад их үйл гэж?

Энэ үйлийн талаар олон улаач нар өөр өөрсийн үзэл бодол, харах өнцгөөс харж бичиглэн олон түмэндээ түгээж буй.

Билэг талаас Наран саран дэлхийн амийг тэтгэж бөөлсөн, хар сүнснүүдтэй тэмцэж ялалт байгуулсан тухай бичихийг түр алгасаад БИ хэмээх эгэлхэн бие хүмүүсийн дотор ямар их үйл болсон тухай өөрийгөө дотор талаасаа харж өөрийн амьдал дээр бичиглэхийг оролдъё.

Эгэлхэн нэгэн улаач би бээр өвгөд буурлуудаа залж өндөр тэнгэрийнхээ дор улаач болон өндийгөөд төд олон жилийг ардаа орхиогүй билээ. Найман зууны тэртээ Суу Богд Их Эзэнтэй итгэл сэтгэл нэгдэн эх орноо хайрлан хамгаалан амь биеэ зориулсан Өрлөг жанжины үр нь болон мэндэлж улаач нь болсон заяагаа дааж явах эрхэм бөгөөд хүндхэн ачаад өөрийн оюундаа үүрэн өвгөд дээдүүдийхээ далай адил мэргэн ухаанаас дуслын төдийг ч болов шингээж авахыг л хичээн зүтгэх болсон юм.

Улаач болохоос урьд бол амин хувиа хичээж, эрдэм ном, ажилд шамдаж амжилт гаргаж, эх орноо мандуулах хүсэлтэн нэрийг өөртөө зүүсэн ч энэ биеэ л энэрч бөөцийлж олох, идэх, эдлэх, жаргахыг урьтал болгосон нэгэн явж.

Улаач болсны дараа өвгөдийнхөө хайр энэрэлийг таньж, ирээдүй хойчоо, эх орнийхоо, эх дэлхийн хувь заяанд санаагаа хугаслан чилээх, өрөөл бусад хүмүүнийг хайрлан энэрэхэд бага багаар л суралцан яваа.

Өвгөдөө залсан улаач болоод өвгөдийхөө шид чадал хавыг гайхуулж шүтүүлэх бус, тэднийхээ мэргэн оюунт ухааныг, мохошгүй дайчин эр зоригийг, элж хорогдошгүй энэрэл хайрыг л ахиухан өвлөж аваад үр хойчдоо өвлүүлчих юмсан, эх орон, эх дэлхийнхээ төлөө энэ биеэ харамгүй зориулах зориг, тэвчээрийг тэднийхээ дайтай гаргах учиртай юм гэдгийг бага багаар ойлгож эхэлсэн юм.

Түмэн онгодын чуулганаас урьд өвгөдүүд маань тэр өдрийн үйл хатуу болохыг, хар сүнсний дайралт, хар буруу санаатны хаялга харваа намнаа их байхыг урьтан анхааруулж, хаан дээдсээ, хамаг олон үрсийг хамгаалахад энэ биеэ, амь насаа ч золих явдал гарч болзошгүйг анхааруулан айлдаж зориг зүрхийг хурцлан эртнээс бэлдэж байв.

Хэрэв тийм зүйл тохиовол хайртай бүхнээ орхиод одоход хайран байсан хэдий ч хайртай бүхнийхээ төлөө энэ биеэ зориулж чадсан бол том хэрэг гэж сэтгэлээ тэтгэж байлаа.

* * *

Хахир хатуу өвлийн хүйтэнд таван өдөр, шөнө бөөлөхөд биеэ бэлдэн олон улаач үрс өвгөд буурлуудыхаа зөвлөгөөгөөр харзны усанд шумбаж, цас мөсөн дунд бөөлж, энэ биеийхээ амар тайвныг гээж зүтгэж чадахаа харуулж урам зоригоор хөглөгдсөн юм.

Түмэн онгодын чуулган 2012 оны 12 дугаар сарын 21ний өдрийн морин цагт /11:40/ эхэлж, дараа өдрийн наран мандах хүртэл үргэлжилсэн юм. Хэдийгээр улаач нар нэг нэг цагийн зайтай завсарлага авч хоёр ээлжээр ээлжлэн бөөлөх байсан хэдий ч амрах чөлөөг өөрсөддөө бараг олголгүй бүтэн өдөр шөнө бөөлж үйлээ дүүргэсэн.

Хоног хоногоор илч нь татарч, туяа нь бүдгэрч байсан алтан шаргал наран дараа гарагийн өглөө хурцаас хурц гэрэлтэн мандахыг хараад бүгд хурайлан сөгдөн угтаж, Суу Их Эзэн Богдыхоо БИД ЯЛЛАА гэж түмэнд сонордуулахад нулимс дуслуулан байсан билээ.

ЯЛАЛТ???

1. НАРАН, САРАН, ДЭЛХИЙн амийг газарт буулган тэтгэн дэмнэж чадсан.
2. Энэ дэлхийг нөмөрсөн хар сүнсний дайрлага, хар санаатны хаясан хаялга бүхнийг хааж дааж дийлсэн.

Өндөр дээд тэнгэрүүд, онгод шүтээнүүд залраад хийсэн хамгийн том хоёр үйл. Үйлд оролцож итгэл сэтгэл зүтгэлээ зориулсан үрс нь мөн чанарыг ухаж таньж байгаа ч түмэн олон биетэй баримт сэлтийг шаардан, итгэхгүй байж болно. Далд ертөнцийн үзэгдэх нь үгүй үйлийг, ялалтыг бүгдэд батлах арга үгүй.

Хэдий үйлийг батлах арга үгүй гэсэн ч ЯЛАЛТын баталгаанууд байна.

1. Өвгөд дээдүүд хөрстдөө залраад үрсээ нэгтгэж чаддагыг баталлаа.
Хөх толбот үрс нь сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддагаа харууллаа.
2. Хахир өвлийн хүйтэнд харз усанд шумбаж, шөнөжин хэцээ дэлдэн бөөлж энэ биеийхээ амар тайвныг орхиж ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ ЧАДСАНаа үзүүллээ.
3. Хэдийгээр хар бүхнээс хамгаалах хатуу үйлэнд орж амь биеэ алдах эрсдэлийг сонсож мэдсэн ч зоригоо мохоолгүй бөөлснөөрөө амь биеэ ард олны төлөө чин үнэнчээр золих ЭРЭЛХЭГ ДАЙЧИН МЭРГЭН ӨВГӨДИЙН УРСАХ ЦУСНЫ ХЭЛХЭЭ ТАСРААГҮЙг мэдүүллээ.

ХУР АЙ   ХУР АЙ   ХУР АЙ

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ТЭНГЭР ЭЦЭГ, СУУ БОГД ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН, ӨНДӨР ДЭЭД ӨВГӨДИЙНХӨӨ ӨЛМИЙ ДОР БИШРЭН СӨГДМҮ.

УЛААЧ ХАРЗЭД

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.