Wednesday, January 2, 2013

Өвгөдийн хайр

Нэгэн орой үеийн залуустай шахалдан, бөглөрөл дунд үе үе огцом зогсох автобусанд уначихгүйг хичээн бариулаас зууран дэнжигнэсээр харихаар явж байлаа. Явдал дунд нэгэн зогсоолоос 2-4 насны хоёр ач зээгээ дагуулсан, нэгийг нь нуруундаа үүрч нэгийг нь гартаа хөтөлсөн өвөө орж ирлээ. Насаар тавь, жар эргэм насны болов уу гэмээр, толиотой буурал байв. Өндөр настай, бага балчир хүүхэд үүрснийг нь хараад суудал дээр суусан нэгэн залуу бүсгүй суудал тавьж өгөв. Хөтөлж явсан жаахан хүүгээ суулгачихлаа. Жаахан хүүхэд үүрсэн байгааг хараад өөр нэгэн залуу бас суудал тавьж өгөв. Үүрч явсан 2-3 настай жаахан хүүхдээ суулгаад өөрөө зогсч хоцров. Хоёр ч хүн суудал тавьж өгөхөд өөрөө суугаагүй болохоор бусад хүмүүс суудал тавьж өгөхийг яарсангүй. Тэр өвөө ч өөрөө суухыг хүсэмжилсэнгүй бололтой.

Өвөөг өөрөө нэг суудал дээрээ суугаад багыгаа өвөр дээрээ аваад арай томыг нь хажуудаа зогсоогоод явбал зүйд нийцэх мэт санагдаж, бяцхан эгдүү хөдөлсөн ч өвгөдийн үрсээ энэрэх хайрыг түүнээс ажиж бодлын нумыг агсаж хөвчийг татав.

Энэ цагийн аав ээжүүдийг шинжихэд хүүхдээ хайрлаж, асарч, энхрийлж, эрхүүлэх ч өвөө эмээ нарын дэргэд ажил төрөлдөө анхаарах цаг нь илүү, амттанаар тэтгээд, эрхлүүлж хошуу дэвсээд байх нь арай бага. Өвөө эмээ нар өөрийн хүүхдүүддээ гаргаж чадаагүй цаг хугацаа, энхрийллийг нас тогтож налайж суух насандаа ач зээдээ нөхөж гаргадаг юм уу гэлтэй санагдана. Би өөрөө эмээгийхээ ээж аав дээр эрхэлж өссөн. Хоёр эмээ өвөөгөөс арай л илүү намайг эрхлүүлнэ.

Ингээд бодохоор энэ цагт буй үрсээ өвөр дээрээ бөмбөрүүлж зулайг нь үнэрлэж яваагүй ч, онгод шүтээн болж тэнгэртээ заларсан өндөр өвгөдүүд маань үрсээ мунхаг, мундагаар нь ялгахгүй энэрч хайрлаж, сахин хамгаалж, мунхарч бөглөрсөн ухаанд нь гэгээ тусгахаар улаач үрсэд заларч ухаант сургаал захиасаараа заяа тавиланг нь засахыг хичээн зүтгэхийн учрыг ухах шиг санагдав.

Өндөр дээдийн улаач болох заяанд төрөөд, өвгөдөө өөрийн биедээ залж, өндөр дээдийг залсан гэж олонд зарлагдсан ч өвгөд буурлуудыхаа мэргэн оюун, ур ухаан, энэрэл хайрыг үр хойчдоо өвгөдийнхөө дайтай үйлдэх чадвар өөрт байна уу гээд өөрийгөө нэг цэгнээд бодохоор өөрийгөө чамлах юм. Мулгуу яваа улаачаа зэмлэж загнаад, шийтгээд чангалаад байхгүй, харин ч "Үр минь, үрс минь" хэмээн хайрлаж энэрээд, өрөвдөж энхрийлээд, эрхлүүлээд, өвгөдийнхөө алдар суу, үйлийг дааж явж чадна хэмээн итгэлээ хүлээлгэх өвгөдөө бодохоор сэтгэлд нэг л баяртай, улаачын дайтай улаач болж чадаагүй яваагаа бодохоор бас уйтай.

Бодол цээжинд хургасан өдрүүд үргэлжилсээр...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.