Thursday, March 21, 2013

Аз жаргал?

Гэр хорооллын чиглэлийн автобусны арын тухлаг, өргөн суудлыг олж суугаад хотын төвөөс алслахын хэрээр зэрэгцэж суусан хүмүүс буух буух газраа бууж цөөрсөөр эцсийн буудал дөхөж явахад Улаанбаатар хотын тохижилт үйлчилгэний газарын хэсэг ажилчид олноороо автобусанд орж ирэхэд хүмүүс зэрэгцэж суухгүй гэсэндээ гялс гялс суудлаасаа босцгоож суудал тавин, зогсохоос залхуурсан юм уу буух буудал дөхөж байсан ч яагаад ч юм би цэрвэж босон хаалга зүглэсэнгүй зэрэгцэн сууж үлдэв.

Би бодов. Жалга судаг, булан тохой гэлтгүй хотын хамаг хог буртгийг цэвэрлэж дунд нь хутгалдаж яваа энэ хүмүүсээс жалга, булан тохойгоор үүрлэдэг хар сүнснүүд зүүгдчихсэн явдаг болов уу яадаг бол? Тэгж цэрвээд байх шалтгаан байна уу?

Нүүрэнд нь үрчлээ тогтож, нуруу нь ялимгүй бөгтийж яваа, аав ээжийн минь үеийн л насны хэдий ч амьдралын хатуу бэрх хүнд хөдөлмөрт нухлагдан илүү хурдан өтөлж яваа болов уу гэж санав. Шинэвтэр ижил дүрэмт хувцастай, зарим нь лоом, савар, галын хайч шиг хавчигч хайж барьсныг бодвол ямар нэг зохион байгуулалттай их цэвэрлэгээг хийж байгаа болов уу гэж бодлоо.

Харин тэд орж ирж суугаад хоорондоо баяр баясалтай нь аргагүй инээлдэн ярилцаж байхыг хараад тэдний нүдний харцыг ажиглахад хэдий хүн бүр хийхээс цэрвэдэг хүнд ажлыг хийж, хоёр идэхгүй, хоосон хоноходоо ч хонодог хэцүү амьдралтай ч ганган хар жийпнүүд хөлөглөж явдаг хүмүүсийн харцнаас илүү жаргал дүүрэн харц, мишээл тодорч байгааг хараад гайхах зэрэгцэн бодолд орж хоцров.

Олон нийтийн газраар явахад сайн муу хүмүүсийн эрчмийг мэдэрдэг, жишээ нь хэн нэг архи уух дуртай хүн хажууд суухад дэргэдээс хүйт даах, хатгах мэт мэдрэмж төрдөг. Гэтэл хамгийн түрүүнд өөрөөсөө асуусан асуултын хариулт ҮГҮЙ байж таарлаа.

Тэдний дундаас нэг өвөө:

- Манайхаан? Мөнгө байна уу?
- Яах гээ вэ?
- Архи ууя?
- Яах юм. Тэр ууж байх мөнгөө хүүхдүүддээ зарцуулаач. хэмээн бусад нөхөд дуу нэгтэй шаагилдав.

Үр хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа, зовлон жаргал нэгтэй анд нөхөдтэй яваа нь жаргал дүүрэн мишээл, харцны цаад учир юм болов уу?
Хэн хүний хийхээс зугтдаг ч хамгийн хэрэгтэй энэ ажлыг эрхэлдэг хүмүүсийн элээж ирсэн тавилан, туулсан жаргал зовлонг мэдэхгүй. Дотоод сэтгэлд нь ямар баяр гуниг тээгдэж явааг гаднаас хараад дүгнээд ч дотор нь орсон мэт мэдрэнэ гэж үгүй.

Тансаг брэнд өмсөж үнэтэй хар тэрэг хөлөглөөд гуниг дүүрэн харцтай харагддаг эрхэмсэг ноёд хадагтай нарын зовлон жаргалын шалтгааныг ч хэлж таашгүй.

Баяр гуниг ээлжлэх хорвоод дутуу бүхэндээ шаналж дундуур бүхэндээ гутрах нь зовлон хэдий ч, бусдаас илүү дүүрэн дүртэй ч өөр нэгэн зүйлээр дундуур явдаг учир байдаг юм болов уу?

Амьдрал, аз жаргалыг тунгаан эргэцүүлэн явсаар тэмдэглэн үлдээв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.