Tuesday, March 19, 2013

Зүүд ба зүүдний тайлал

Зүүдээ манах, зүүдээ тайлах арга эвийг хүмүүс тэр бүр олдоггүй. Харин зүүдтэй холбоотой сонирхолтой баримт, зүүд тайлах арга барилыг энд бичжээ.

http://arslans.blogspot.com/search/label/%D0%94%D0%B0%D0%BB%D0%B4%20%D1%83%D1%85%D0%B0%D0%BC%D1%81%D0%B0%D1%80

"Тийм юм зүүдэлбэл тэгнэ" гэсэн үзэлд баригдалгүйгээр өөрөө өөрийнхөө зүүдийг таньж өөрөө өөрийнхөө дотоодыг, далд ертөнцтэй холбогдох холбоогоо мэдэрч батжуулах арга барил болж болох юм.

- - - - - - - - - - - - - - - -
Жон Кехо 1975 онд аглагт суухаар оджээ. Тэр Мял богдын адилаар тухайн орчноосоо голоо зогоож байж. Гурван жилийн дараа ойгоос гарч ирэхдээ оюун ухааныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан байв. Үүнийхээ дагуу сургалт явуулж, 1980 он гэхэд дэлхий дахинд алдар нь цуурайтаж байжээ. Тэрээр одоо Номхон далайн баруун хойд эрэгт эхнэрийнхээ хамт жаргалтай тайван амьдарч, номоо бичиж, сургалтаа явуулж байна. Түүний "Далд ухамсар бүхнийг чадна" номноос зүүдний тухай хэрхэн өгүүлснийг танд товчлон толилуулъя.

Зүүдний тухай

Зүүд танд таны хаана байгаа, хаашаа явж байгааг харуулна.
Тэр таны хувь заяаг танд дэлгэн үзүүлнэ.
Карл Юнг

Дивангарын үеэс хүмүүс зүүдийг сонирхсоор иржээ. Христийн тооллоос өмнөх 3000 жилийн үед хамаарах Вавилоны шавар хавтан дээр дээр бичсэн "Гильгамаше-ийн туульс"-д зүүдний тайллыг үзэж болно.
/Үүнээс хойшхи өнөөг хүртэлх олон тохиолыг бичиж болох авч товчлов/.

Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.

Зүүдэндээ олсон

Олон эрдэмтэд судалгааныхаа шийдлийг зүүдэндээ үзжээ. Эйнштейн харьцангуйн онолоо нээхээсээ өмнө нэлээн удаан хугацаанд нарны туяан дээгүүр морьтой давхиж яваагаар зүүдэлж байжээ.

Менделеев үелэх системээ зүүдэндээ үзсэн. Зураачид, бизнесменүүд судлаачид, уран бүтээлчид зүүдэндээ шинэ санаа шийдлээ олсон байдаг.

Зүүд бол зүгээр нэг дэмийрэл биш гэж хамгийн ноцтой үл итгэгчийг ч итгүүлэх баримт хангалттай байх юм.

Канадын нэрт эмч, доктор Федерик Бантинг зүүдэндээ инсулины химийн бүтцийг олчихжээ. Олдож өгөхгүй зовоосон томъёог яг л олсон гэнэ дээ.

Oёдлын машиныг зохион бүтээсэн Элиас Хоу олон жил бүтээл дээрээ ажиллаж хариугүй дуусдгийн толгой дээр хамгийн гол зүйл дээрээ очоод таг гацчихаж, яаж ч болдоггүй. Нэгэн шөнө тэр зүүдэлжээ. "Зэрлэг хүмүүс түүнийг бүсэлж тал талаас нь хачирхалтай жад барин түүн рүү чиглүүлсээр ойртоно. Тэр хачин жаднуудын үзүүр нь нүхтэй байв". Хоу зүүний үзүүрийг "нүдтэй" болгох шинэ санаатай сэрсэн гэдэг. Ингэж оёдлын машин мэндэлжээ.

Бас нэгэн гайхалтай жишээг дурдахыг зөвшөөрнө үү.
Нобелийн шагналт доктор Жеймс Ватсон нэгэн шөнийн зүүднийхээ туслалцаатайгаар ДНК-ийн молекулын нууцлаг чанарыг нээжээ. Тэрээр молекулын бүтцийн нууцыг тайлах гэж олон жилийн турш оролджээ. Нэгэн шөнө тэр хоёр могой бие биенээ ороон мушгиралдаж байгааг зүүдэлж. Сэрэнгүүтээ "Энэ байна" хэмээн хашгирчээ. ДНК энэ бол бие биенээ ороон мушгирсан давхар спираль. Ватсон энэ гипотезийг шалгаад генийн кодын нууцыг тайлсны төлөө Нобелийн шагнал хүртжээ.

Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм

Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Би олон жил зүүдээ манаж, түүнд задлан шинжилгээ хийж үзсэн хүний хувьд "Дээд оюун ухаан зүүдээр дамжуулж бидэнтэй ярилцаж байна" гэдгийг итгэлтэйгээр хэлье. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.

Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед "нүдний хурдан хөдөлгөөн" ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.

Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусладаг.

Зүүдээ хэрхэн захиалах вэ?

Унтахын өмнө "унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно"гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа "тавь", шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно, эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.

Зүүдний тайлал

Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн боддоо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ? Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно. Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлэгдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлэгдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлэгдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамнал байдаг.

Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.

Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.

Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний "Би"-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.

Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны "Би"-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх "насанд хүрэгчид" түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү?

Зүүдний тайллыг хэтэрхий тодорхой болгохоос дандаа зайлсхийж байгаарай

Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү? Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз? Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү? Та хурдаа хас, будаа боловоо, өөрөөр хэлбэл хайртай хүнээсээ хагацав, үнэтэй зүйлээ aлдав гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.

Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлэгддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.

Хар дарсан зүүд - энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар " Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд - энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.

Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:

Зүүдэндээ гарчиг өг.

Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.
Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би.

Дахин "зүүдлэгтүн"

Сэрэнгүүтээ зүүдэндээ "дахин орж" түүний персонажуудтай ярилцаарай.

Танд хэн ч саад болохгүй газар олоод 5-10 минутын хугацаанд нүдээ аниад зүүдээ эргэн санагтун. Зүүднийхээ үйл явдал, дүрүүдийг сэргээж сэтгэлдээ дахин "зүүдлэгтүн". Үйл явдлууд өрнөж, та тэдгээрийг мэдэрч эхлэмэгц та үйл явдлыг хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь, танай гэр лүү дайран хүүхдүүдийг хулгайлах гэсэн дээрэмчний тухай зүүдийг эргээд сэргээхдээ түүнтэй тэмцэлдэхгүйгээр ярилцахыг оролдох хэрэгтэй. Түүнээс, тэр хэн болох, юу хүсэж байгаа, яагаад заавал үүнийг хийх гээд байгааг асуугаарай. Одоо бол та зүүдээ хянаж байгаа тул үүнийг хийж чадна. Та мөн хүүхдүүдтэйгээ ярилцаж болно, тэдний хариулт таны гайхлыг төрүүлэхээр сонирхолтой байх болно. Хэрэв та бүх юмны учрыг олохыг хүсэж байвал энэ арга маш чухал.

Таны зүүд - жүжиг

Зүүдээ жүжиг гэж үзээд дараах хэсэгт хуваан дүгнэж үзэх:

1. Удиртгал. Зүүдний уран сайхны хувиргалт, зүүдэнд хөндсөн асуудлын утга учир.

2. Сюжет. Зүүдний үйл явц, үйлдэл.

3. Төгсгөл. Зүүд хэрхэн төгсөж байгаа? тавьсан асуудал шийдэгдсэн эсэх? тийм төгсгөлийн цаана юу нуугдаж байна?

Ийм схемээр зүүдээ судалж үзээд түүний үндсэн бэлэгдэл юу болохыг тодорхойлоорой. Эдгээр нь юу гэсэн үг болох, өнгөрсөн үеэс аль хэсэгтэй холбоотой, надад юуг хэлэхээр оролдож байна гэдгийг бодож үзээрэй. Зүүднийхээ момент бүр дэх сэтгэл хөдлөлийн байдлыг харьцуулж үзэх хэрэгтэй. Тайвшрал, айдас, итгэлтэй байдал, ер бусын хүч чадал мэдэрч байна уу? Үүнд тайллын түлхүүр оршиж байж болно.

Магадгүй та аллагын гэрч болчихоод айдас түгшүүрийн оронд баяр баясгаланг мэдэрч байгаагаар зүүдэлсэн байг. Сэрээд өөрийн мэдрэмжээ гайхаж болох юм. Зүүдний тайллын түлхүүр нь аллагын үеийн таны мэдрэмж. Таны амьдралын ямар нэг хэсэг нь өөрчлөгдөх (арчигдах) ёстой юу? тийм өөрчлөлт гарвал та баярлах уу? Таны амьдралд гарах ямар өөрчлөлтийг энэ зүүд зааж байна? гэх мэт янз бүрийн хувилбарыг бодож дүгнэж үзнэ.

Ямар нэг зүүдээ тайлбарлаж чадаагүй байлаа ч (эхний үед 4 зүүднээс нэгийг нь л тайлбарлаж чадах байх) зүүдээ манаж буй нь далд ухамсартайгаа ажиллах дадлаа дээшлүүлж байна гэсэн үг.

Оролдлого хоосон өнгөрнө гэж үгүй. Зүүдийг тайлах гэж оролдоход зөн билэг логикоос дутахгүй чухал гэдгийг анхаараарай.

Зүүд бүхэн, хэрвээ түүнийг анзаарч, зөв тайлбал удаан хугацаанд сайнаар нөлөөлнө. Хүмүүс зүүдээ сонсоно гэдэг түүгээр дамжуулж дотоод ертөнцтэйгээ холбоотой байна гэсэн үг. Хэрвээ бид зүүдэндээ зөв тайлал хийвэл бидний дотор ямар нэг юм "торхийх" шиг болно. "Тийм байна ш дээ" гэхүйд, эрч хүч цутган орж ирнэ. Зүүдээ зөвөөр ойлгох нь маш сайн нөлөөтэй, учир нь дотоод ухамсраасаа заавар аваад хүмүүс амар амгалан болж, сэтгэлийн ханамж эдэлдэг.

Зүүдний тайлал - энэ бол далд ухамсартайгаа хийх амьд ярилцлага. Зүүдээ тайлбарлаж дадсанаар хүмүүс өөрийнхөө дотор орших хязгааргүй, асар хүчирхэг ямар нэг юмтай холбоотой болсноо ойлгож эхэлдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.