Sunday, February 11, 2018

БИ-гээс БИД-д - 1

БИ гэх БИ төвт үзэл.

Энэ БИ гэх үзлээ илт гаргаж ярьдаг, үйлддэг хүмүүсийг дийлэнхи олон нь БИЕЭ ТООСОН, ХУВИА ХИЧЭЭСЭН хэмээн жигшиж хүлээж авах нь олонтаа.

Гэвч энэ үзэл хэзээ, яаж яваад тэр хүний, миний, магадгүй таны дотор яваад орчихсон юм бол оо гэж тунгааж үзсэн нь бидний дунд хэд байдаг бол?

Өлгийтэй балчир байхаас, хөлд орон тэнцэн ядаж байх үеэс, эжий аав, хорвоо дэлхий, нар сар бүгд миний төлөө амьдарч, гэрэлтэж, хайрлаж, үдшийн түнэр харанхуй зөвхөн намайг л айлгаж тавгүйтүүлэх гэж, үргэлжилсэн усан бороо зөвхөн миний гадаа тоглох хүслийг боож байгаа юу гэлтэй. Миний идэхийг хүссэн чихэр, тоглохыг хүссэн тоглоомнууд надад байдаггүй нь зөвхөн надад тулгасан шийтгэл гэлтэй санагдаж, эргэн тойрны халамжит хүмүүс бухимдуу байвал надаас л болсон гэсэн бодол төрдөг нь өнөөх БИ ТӨВТ үзлийн эхлэл ургалт нь байдаг гэж санагдах болов.

Ингээд цаг улирч бие өсөхийн хэрээр ЭЖИЙ МИНЬ ядарч байдаг болов уу? ААВ МИНЬ алжааж байдаг болов уу? авир ааш нь олдохгүй байгаа ахан дүү, анд найзад минь юу тохиогоо юм бол? гэх бодлууд хөвөрч, үзэж туулж, тунгааж, ухаан суухын хэрээр энэ орчлон хорвоо намайг тойрон эргэдэг юм биш энэ их хөдөлгөөн дундах бяцхан дагуул эрхэс нь БИ юм гэдгийг таньж, бусдад өчүүхэн ч болтугай гэгээгээ үзүүлж эхэлдэг бололтой.

Гэвч өөрийн байрыг олоогүй дээрээ эд баялаг, эрх мэдэл, алдар нэр, олны хүндлэлийг авахаараа үүнийгээ даалгүй, гэгээ цацруулах од эрхэс биш, газарт унаж гай төвөг удах "солирын хэлтэрхий" болж унах нь олон юм уу даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.