Tuesday, February 19, 2013

Замбын тухаар заяагаа худалдах!

Өвгөд буурлууд минь балчирхан улаач надад, өөр бусад улаач нарт ч хандан сэрэмжлүүлж нэг биш удаа айлдаж сануулж, сэрүүлж хэлдэг үг.

Улаач болсон заяа тавилан гэдэг үүрэх ачаа, хариуцлага ихтэй алхам тутам гишгих газар, хэлэх үг, хийх үйл бүхнээ цэгнэж явах учиртай хэмээн өвгөд буурлууд, удган зайрангууд бүгд хэлдэг.

Хүмүүн болж төрөх заяа гэдэг үзэгдэх үгүй далд ертөнцөд орших тоо томшгүй олон амь, сүнснүүд дундаас ялгаран, БИ ИЙМ ИЙМ ҮЙЛИЙГ ХҮМҮҮН БОЛЖ ТӨРӨӨД ХИЙЖ ДҮҮРГЭНЭ. АЛИВ МУУГ ҮЙЛДЭХГҮЙ ХИЙХ ҮЙЛ БҮХНЭЭ ГҮЙЦЭЭЖ АМЬ БИЕ ХОЁР ТАСРАХ ЦАГТ ЭРГЭЖ ДАЛД ЕРТӨНЦДӨӨ ИРЖ ХЭР ДҮҮРГЭСЭН, ХЭРХЭН АМЬДАРСАН АЛДАА ОНООГОО ДЭНСЛҮҮЛЭН ҮҮРЭХ ЯЛАА ҮҮРЧ, ХҮРТЭХ ШАГНАЛАА ХҮРТЭНЭ гэсэн тангарагтайгаар л хүн болж төрөх ТОМИЛОЛТ өвөртөлж төрдөг болов уу.

Харин өвгөд дээдүүдээ биедээ залж, буяныг түгээж, эгэлгүй их үйлийг үйлдэх УЛААЧ болж төрнө гэдэг эгэл заяа тавилангаас илүүтэй их ҮҮРЭГ авч төрсөн хийх ёстой үйлээ бүтээж чадахгүй мажийвэл үүрэх ял, асуугдах хариуцлага гэдэг айхавтар их байх нь.

Удмын үрсийнхээ заяаг түшиж, зам мөрийг нь тэгшитгэх.

Улаач нь ухаангүй яваад үйлийг нь гүйцээхгүй байх, эсвэл эндвэл тухайн удмын олон түмний заяа тавилан, зам мөр хазайх, ганхах болох нь.

Хэдий их үүрэг хүлээж улаач болох нь төдий чинээ хариуцлага. Үйлдэж эс чадвал төдий чинээ балаг. Төсөөлөхөд ч бэрх.

* * *

Ийм хатуу ирээдүйг үрс хойчдоо учруулахгүй л гэж өвгөд буурлууд минь зөн нь унтарч, мэлмий сонор нь мохсон үрсээ зөв жамаар, зөв замд чиглүүлэх гэж л зөрүүд үрсдээ мэдрүүлэн байж заларах нь.

Залраад буугаад ирэхэд нь хүндлэл хайрыг хүртээх нь хомс. Айлдаад захиад хэлсэн бүхнийг нь дагаж бүтээх нь ховор.

Тэнгэрийн үйл тэнгэрийн үйл л гэнэ. Тэр их үйл тэнгэртээ л үйлдэгдэж, тэнгэртээ л бүтэх биз хэмээн мунхаглах бид. Хэрэвзээ өвгөд буурлууд маань "шидэт дохиур дохиод" л бүтээчих бол энэ замбад залрах юун.

Заавал үрс нь ухаарч, сэхээрч байж л ухаант мэргэн өвгөдийн удмын хэлхээ үргэлжлэх учиртай байх нь.

Олон хүмүүс чичилж асуудаг. Их Эзэн хаан хөрстөд заларсан юм бол яагаад энэ төрийг засахгүй байна? Олон удмын өвгөдүүд заларсан юм бол яагаад хөрс шороо ашигт малтмалаа ухуулаад байна? Шуналтнуудынх нь амийг нь таслаад, хөрсийг нь эргүүлээд хаях нь яагаав? Шидийг үзүүлж дүүлж нисээд цахилгаан мөндөрөөр цохиод алчих нь яагаав? гээд л үргэлжилж өгдөг.

Удмын өвгөд маань анх залраад байхад нь үрс нь ч ингэж асууж л байсан.

Хариу болгож учиртай хэдэн үгийг айлдсан.

Хэрэв онгод тэнгэрүүд төрд хутгалдаж мунхаг хэдийг буулгалаа гэж бодъё. Тэгтэл тэднийг орыг залгаад улсаа дэвжээх үрс нь хаана байна? Түмэн олны төлөө биеэ зольж төрийн жолоог атгах нь үрс нь хаана байна? Маны хэдэн үрсүүд ч улс гэр, хөрст газрынхөө төлөө дуу хоолой хөлс хүчээ зарж, цусаа урсгаж байгаа нь хаана байна?

Эрт цагт нь өвгөд бид үеийн үедээ өөрсдийн урсах хөлс, цус, олон хатан, эжий нарынхаа нулимсыг баран байж энэ эх орон, хөрст шороог чинь та үрсэд үлдээсэн. Харийн элдэв бүхэнд, эдэнд шунаж дайтаж явсангүй! Гэтэл та үрсүүд өөрсдийнхөө байгааг хар!

Олох, идэх, уух, өмсөх, зүүх, эдлэх, хэрэглэх энэ бүгдэд хамаг биеэ золино, хайран улсаа ч худалдана. ХААНА БАЙНА БИДНИЙ УДАМ!
ХААНА БАЙНА БИДНИЙ УРГИЙН ХЭЛХЭЭ!
ХААНА БАЙНА БИДНИЙ УРСАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ!
ХААНА БАЙНА ЭРЭМГИЙ ЗОРИГ ХААНА БАЙНА!
ХААНА БАЙНА ИРЭХ ЦАГИЙН ҮРСЭЭ ЭНЭРЭХ СЭТГЭЛ!

Энэ л цагт нь та үрсүүд энэ биеэ, эрдэмт хурц ухаанаа, мэргэн үгсээ түмэнд түгээж энэ биеэ түмэн олноо сэхээрүүлэх үгүй юм бол яаж улс Монголоо аврах гээв? Яаж эх дэлхийгээ ирэх цагт нь өвлүүлэн үлдээх гээв?

ЗАМБЫН ТУХААРАА ЗАЯА ТАВИЛАНГАА ХУДАЛДАХ ЮМ БОЛ
ӨВГӨД БИДНИЙ УГСАА ХЭМЭЭГДЭХ ЭРХ НЬ ТА НАРТ ҮГҮЙ!

ӨВГӨД БИДНИЙ ДАЙЧИН ЗАЯА, ИХ ТҮҮХЭЭР БАХАРХАХ ЭРХ НЬ ТА НАРТ БАЙХГҮЙ!
ЭХ БОЛСОН ГАЗАР ШОРОО
ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ
ТӨРТ ИХ УЛСЫХАА ТӨЛӨӨ
ТӨРӨЛ ОЛОН ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ
ТӨРСӨН АЛАГ ҮРСИЙХЭЭ ТӨЛӨӨ
ТӨРӨӨГҮЙ БАЙГАА ИРЭЭДҮЙН ҮРСИЙХЭЭ ТӨЛӨӨ
ЭНЭ БИЕИЙН АМАР ТУХЫГ ГЭЭН
ЭНЭ БИЕИЙН ЖАРГАЛЫГ УМАРТАЖ
ЭНЭ БИЕЭ ЗОЛИХГҮЙ ЮМ БОЛ
ЭЗЭН ДЭЭДСЭЭРЭЭ БАХАРХАХ ЭРХ Ч ТА НАРТ БАЙХГҮЙ!
АЛДАР НЭРИЙГ НЬ ДУУДАХ Ч ЭРХ ТА НАРТ БАЙХГҮЙ!
ИХ УЛСЫНХАА ТҮҮХЭЭР БАХАРХАХ ЭРХ Ч ТА НАРТ БАЙХГҮЙ!
ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ ХҮМҮҮН ГЭГДЭХ ЭРХ Ч ТА НАРТ БАЙХГҮЙ!

ХААНА БАЙНА БААТАР ДАЙЧДЫН УДАМ
ХААНА БАЙНА ЭРЭМГИЙ ДАЙЧИН ЗОРИГ
ХААНА БАЙНА ӨВГӨДӨӨ ЗАЛСАН УЛААЧДЫН СЭТГЭЛ
ХААНА БАЙНА ӨВГӨДИЙН ЧИН СЭТГЭЛИЙГ ТАНЬСАН ЧИНЬ ХААНА БАЙНА!

...
Ийн халаглаж хилэгнэж, харамсаж айлдаж байсан билээ. Өндөр тэнгэрээс үрсдээ заларсан өвгөдийнхөө санааг бүрэн танихгүй, таньсан ч энэ биеэ зүтгүүлэх сэтгэлгүй, өөртөө итгэх итгэлгүй яваа олон улаач, өвгөд нь залраад ухааруулах гээд хичээгээд зүтгээд байхад ухаарахгүй байгаа улаач гэлтгүй удмын олон үрс эртхэн ухаарч эртхэн сэтгэж, эртхэн зүтгэж байж л улс Монголоо, удам хойчоо аварч үлдэх учиртай байх нь.

Өвгөд буурлыхаа арвин ухааныг таньсан ч даасан шиг дааж үйлдсэн шиг үйлдэж чадахгүй яваа өөрөөсөө хүртэл ичих шиг, гутах шиг.

Замбын үйл замбын үйл замбын амьдрал л гэх. Замбаа замба шиг байлгах үйлээ хийхгүй байж замбын үйлийн тухай дурсах ч эрх нь улаач бидэнд алга.

Аяаяаяаяа.

Өвгөдийнхөө санааг таньж
Өндөр дээд заяаг нь түшиж
Өргөн түмэн олны төлөө
Өр зөөлөн сэтгэлтэй байж
Хатуу хүтүү бүхнээс
Халгаж бэрхшээх нь үгүй
Хамаг түмэн олноо
Хайрлан энэрэх улаач болох сон доо.

Энэ төрт улсынхаа
Эзэн заяаг атгаж
Эгэлгүй олон ардууд минь
Эгнэгт батжих болтугай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.