Friday, February 22, 2013

Харзэд улаачийн өвгөдийн айлдвар сургаал

2013 оны 1-р сарын 26 19:19минут

А: Их үйл эхэлсний дараагаар улаач үрс бидний хийх үйл нь чухам ямар үйл байвал зохих вэ?

Өмнө нэгэн гарагт
Өндөр дээд өвөг чинь
Өөрийн биеэр залрахдаа
Үрс та нарт айлдаадахсан (“Хаалк” Хас улаачийн өвгөдийн айлдварт бий)

А: Тиймээ. Нэгийг бодоод үзэхэд зөрөлдөх, санаа зөрөх үрсүүд байна аа.

Жаяг нь жаяглагдах цагт нь
Жаягийг дагаж, дааж дийлэмгүй хэмээвэл
Их л үйлийг даваад гарах
Эрэмгий зориг нь
Оюун сэтгэл нь
Тэр л биед нь баймгүй гэсэн үг дээ

Өрлөг дээд жанждуудын үрс нь
Эзэн богдыг эхлэн залрахад нь
Чин сэтгэлийн угаас
Чимээ ажгийг нь тавьж л байж

Эзэн богдын заларсныг
Эрх танхил удгандаа заларсныг
Хайж эрсээр олсон
Өрлөг жанждын улаач нар
Өндөр өрлөг жанждаа
Өөрийн биедээ залснаа
Өндөр дээдээсээ анхлан сонордон
Өрлөгт өргөгдсөнийхөө
Учир юуг нь тунгааж дийлсэн үү үр минь

Өвөг дээд өрлөг жанждууд чинь
Эзэн богдын
Эрхт төрийг байгуулж явсан
Тэр л цагт нь
Өөрийн бие амийг
Эхлэн зольсон өвгөд дөө

А: Өндөр дээдийхээ үйл хэргийг бахдан биширч байдаг аа

Гэрэлт өргөөнд нь чуулсан олон үрсүүд нь
Өөрийн чадах үйлээр нь дэмнэн шогшин яваа
Дэмнэх цагтаа
Үйлээ үйлдэх цагт нь
Үйлээ үйлдэнэ
Үйлдэх нь үгүй цагтаа
Оюун бодолдоо тунгаагаад л шогших биз

А: Цугласан өргөөнийхэнд маань өндөр дээдүүд нь заларсан билээ. Улаач үрс нь жаягтаа жаяглагдахгүй байвал улаач үрс бидний үйл нь дүүрэхгүй болов уу гэж санаа баахан зовох юм.

Өндөр дээд өвгөдүүд нь
Жаягтайгаас илүү жаягтай
Дэгтэйгээс илүү дэгтэй байдаг даа

Өндөр дээдээ залаад
Жаяг үгүй шогшоод байгаа нь
Улаач үрсийн мунхагийнх даа

Эцэг тэнгэрээс нь
Энэ л олон үрсэд
Шүүлт гээчийг нь явуулж л байгаа даа
Өндөр дээд угсааныхны
Үйлийг нь залгаж дийлэхийг
Энэ л хэдэн гараг сард нь
Ажиж л байгаа даа
Давж дааж дийлэмгүй нь
Даалгүй сөгдөөд унах нь бий
Даагаад дийлээд гарах
Эрэмгий зоригтой
Үнэн сэтгэлтэй зүтгэлтэй нь
Тулгуур нь болоод л үлдэнэ дээ
Өндөр дээдээ түшиж
Хатуу бэрх цагт нь
Түшин тулах нь
Та улаач үрсүүд нь байх учиртай даа

А: Их үйлийн өмнө улаач үрсүүд цуглаж суугаад дэг жаяг юуг буурлуудаас сонордон хэлэлцэж дэгээ зохиож байсан билээ. Дэглэсэн дэг маань яг дүүрсэн эсэхээ ухаж дийлэхгүй л байна. Үүрэх хариуцлага гэж байхгүй болохоор нэр төдий болоод байх шиг.

Та үрсийн дэглэж дийлээгүйг нь
Өндөр дээдүүд нь
Өвгөд буурлууд нь жаяглаад өгнө
Хоног гарагийг нь хүлцэн харж л бай
Та хэдэн үрсүүд нь үйлээ орхимгүй шогш доо

Хамгийн хатуу бэрх цаг нь
Хаяа туурганд тулаад л ирж
Та хэдэн үрсүүд нь
Эзэн богдыгоо
Тэнгэр удганыг түшин зогсох учиртай даа

Түшиг болох олон үрсүүд ганхах цагт
Та хэдэн үрс нь ганхамгүй үлдэх учиртай

А: Улаач үрс нь үйлээ бэхлэхэд одоохондоо тарамдуу байна. Бусад олон зайран удгадуудыг харахад мундаг чадалтай нь байна аа. Тэднээс давж мэдэхгүй учраас үйлээ гүйцээж барахгүй л байх шиг санагдах юм.

Чадалтай эрдэмтэй гэгдээд байгаа
Удган зайрангуудын
Чадал нь юунд байгааг
Юугаараа чадалтай гэгдээд байгааг
Түүнийг нэг айлд даа

А: Шидтэй идтэй, туршлагатай.

Шид юуг нь та үрсэд нь хайрласан
Хэрэглэх эрхийг та үрсэд олгоодохлоо
Тэгэхээр та үрсийн хийх үйл нь юу байна?

Өндөр дээдүүдийхээ шидийг танин
Улаач болон
Утсан жолоо юуг нь атгасныхаа учрыг олж
Олон үрсэд таниул
Олон үрсийг дагуул
Дагах олон үрс нь
Өргөө хотлын чинь
Төрөл бүлийн чинь үрсээс эхлээд
Түүнийг дагах олон үрсүүд байх л учиртай

Тэр олон үрсүүд дунд
Эрт л нэгэн цагт нь
Эцэг дээд өвгөдтэй чинь зэрэгцэн
Их үйлэнд шогшиж явсан
Баатар жанждын үрс нь байх л учиртай даа

Өвгөдийн чинь
Өр зөөлөн ухаан
Эрдэмт мэргэн оюун
Эрэмгий зориг
Тэд бүгдийг
Энэ замбын махан бие оюунаараа
Шагшин бахдах
Өндөр дээд өвгөдүүд нь ч
Үрс та нарын өвөг дээдүүдийг
Дэмнэн хүндлэх
Тэр л учиртай үрс нь
Та үрсийг олж ирэх учиртай
Тэр л үрсүүдийг нь
Та үрсүүд тосоод авах учиртай
Олон түмэн үрсээс
Онцгойлж тэднийг таних л учиртай


А: Балчир улаач үрсүүд нь тэнгэрийн үйлээ дүүргэж хийж амжихгүй замбыхаа үйлийг ч хийж дүүргэж амжихгүй байна. Цаашдыхаа үйлийг яаж хийвэл зохих вэ?

Замбадаа нэр нь дуурсаж
Тэнгэртээ нэр нь түгсэн
Тийм л жанжид
Зайран удгадууд болох л учиртай
Замбын ялихгүй үйлээс
Халгаж бэрхшээх нь үгүй байх л учиртай

Эрэмгий зориг нь та үрсэд байж л байгаа
Эцэг дээд өвгөдүүд чинь
Энэ л мах цусанд чинь
Нэвт л шингэсэн байх л учиртай

Өндөр дээд гарвалын
Үрс нь юм гэдгээ
Өндөр дээд л гарвалыг
Өөрийн биедээ залсан гэдгээ

Өөрийн үйлээрээ
Энэ замбадаа дуурсга даа
Цаг нь ирсэн дээ

Замбын махан биеэр чинь
Та үрсийг таних үрсүүд нь
Өндөр өвгөдийн улаач нь юм гэдгийг
Мэлмийдээд сонордохдоо
Өндөр өвгөдийн удмын
Үр нь байх нь аргагүй хэмээхээр
Тийм л бардам явах учиртай
Тийм л омголон явах учиртай

Та хэдэн үрсийг нь
Өндөр дээдээ залахын урьдаар
Зовлонгийн далайд хэрхэн гэтлэхийг
Хэрхэн тулах хөл нь баттай байхыг
Сонжиж харсан учиг нь бий
Та үрсүүд минь харин
Замбадаа тэнгэртээ цуутай болох цаг нь ирж дээ

Хамгаас хатуу бэрх цагт нь
Хаан дээдсээ түшин тулан явах учгаа
Энэ л оюун сэтгэлдэээ
Тунгааж мартамгүй явах учиртай юм шүү

Хатуугийн хатуу цаг нь
Хаяа туурганд чинь ойрхон ирж

Хатуугийн хатуу цагт нь
Хаан дээдсээ орхихгүй түших
Хатуу чанд сэтгэлээ
Хамаг олонд таниул даа

А: Дэгээ бид гаргасан. Дэгээ сахиулах учир байдаг. Дэгээ сахиулах гэхээр дэгээ сахиж чадахгүй үрсүүд яах вэ? Тэд адилхан өндөр дээдүүдийг буулгадаг. Хатуу ширүүн байж дэгээ сахиулах уу? Улаач үрсэд нь найдаад орхих уу? Яах вэ?

Дэгийг жаягийг дагахгүй үрсүүд
Тэр л үрсүүд нь
Өндөр дээд угсаа гарвалаа
Залсан хэдий ч
Өндөр дээдээ хүндлэх
Тэр ухаан, жаягт сураагүй байгаа нь үнэн
Тэр л ухаан жаягийг нь өндөр дээдүүд нь
Нэхээгүй биш нэхэж л байгаа
Дагаагүй хэдэн үрсүүд нь
Өндөр угсаагаа залаад
Дааж давж дийлэх
Тэр л шалгуур
Тэр л зүтгэл юуг нь
Өвгөд нь харж л байгаа
Дааж харин дийлэмгүй бол
Буцаад дэгдэх учиг нь байдаг л юм (Халаглав)

А: Улаач үрсүүд нь тэгвэл ухаантай байж л үйлээ гүйцэлдүүлэх юм байна даа.

Ухаантай байж
Жаягийг дагаж дийлээгүй байна гэдэг
Өндөр дээд угсаа гарвалаа хүндэлж
Үйлийг нь дааж дийлэх учиргүйгээ
Мэдүүллээ гэж ухах хэрэгтэй дээ

А: Нэгэн улаач төр улс самуунтай байна, төрийн тэргүүн шуналтай байна, газар шороогоо онгичуулаад байна гэж санаа зовон хэлэлцэж байсан юм аа. Дээд тэнгэрүүд маань хэрхэн болгоож байдаг бол оо?

Энэ л эх нутгийн чинь
Хэвлийд нуугдан буй
Тэр л алт эрдэнэс гээч чинь
Та хэдэн үрсийг нь энэ л цагт нь
Эрх дархтай
Эрх чөлөөтэй байлгаж буй
Тэр л учгийг атгаж яваа эрдэнэ дээ

Энэ л нутгийн чинь хэвэлд байгаа
Эрдэнэс нь үгүй бол
Энэ л газар нутаг чинь
Үнэ цэнэгүй мэт
Харь орны
Харанхуй мунхаг
Харамч хомхой хүмүүст
Санагдах нь лав

Үнэтэй тэр л эрдэнэсийг нь
Харь нэгэн халдаад авъя гэхнээ
Хэвлийдэх эрдэнэд нь шунан буй
Өөр нэг улс нь ч шунан буй

Эрдэнэс үгүй нутгийг
Харь нэгэн халдаад авахад
Харамлах үрс нь та үрсээс өөр үгүй

Тиймийн тул
Харь орны
Олон улс гүрнүүд нь
Энэ газар орныг чинь
Эзлээд авах хүсэл шунал нь байгаа ч
Харь нэгэн улсаас ч бас
Харамлаж буй тул
Хэн нь ч дайтан халдаж дийлэхгүй байгаа
Учгийг атгаж байгаа эрдэнэ дээ
Тусгаар тогтнол гэдгийг чинь
Тусгаар улсын чинь туургыг
Бэхэлж байгаа эрдэнэс юм
Бага багаар мэрүүлж барагдах туурга юм

Алт эрдэнэс нь байгаагүй бол
Аль нэг нь ирээд суучих л байлаа
Ирээд суучих хүсэлтэй нэг нь
Өөр нэгэн улсаас нь
Халгаж бэрхшээгээд байгаа учир бий

А: Их үйлийн дараа олон өндөр дээдүүд бууж байгаа. Өндөр дээдүүд бууж ирээд үлгэр амилах цаг болсон, үлгэрийн баатрууд бууж байгаа гэх нь ямар учиртай юм болоо?

Үлгэр амилах л цаг
Болсон явдал нь бодит түүх
Бодит түүх нь домог шастир
Домог шастир нь үлгэр болж
Үрс та нарт л залгамжилж ирсэн байдаг

Эрт цагийн,
Эзэн богдын үеийн
Өрлөг дээд л жанждууд
Хаад ноёдын угсаа
Хатад түшмэд баатрын
Тэр л түүх нь
Энэ л цагт нь
Үлгэр мэт л болсон цаг

Өндөр дээд угсааныхан нь залраад
Үрс балчрууд нь өвгөдийхөө үйлийг
Үргэлжлүүлэн байгаа нь
Үлгэр амилж байгаа бус уу

А: Буурал дээдүүд минь байлдаж явахдаа зэр зэвсэг агсаж үйл юугаа бэхэлж ирсэн билээ. Улаач үрсээсээ зэвсэг юугаа нэхэх юм аа. Зэвсэг юуг нь буурал дээдүүдийхээ хэрэглэж байснаар хийх гэхээр өнөө цагийн үрсүүдэд нь хэцүү, өвгөдийнхөө сэтгэлд таарахаар хийж дүүргэж чадахгүй байх шиг байна аа. Бодитоор байх ёстой юу? Төлөөлүүлээд орлуулсан маягтай байвал зүгээр үү?

(Буурал сэлмээ авч сугалж өгөв)

Хатуу үйлд харвах зэвээр
Та үрсүүд тулалдах тэмцэлдэх нь үгүй
Хий бие хийсгэлэн дүртэн
Тэр л тулаанд нь та үрсүүд
Энэ л эдүүдийг
Эрдэм шидийг нь гаргаж
Үйлийг нь даах л учиртай

Үр чи зүүд оюун мэлмийдээ
Хатгалдан байлдаж үзэв үү дээ?
Хатан илдийг бариад
Халдах дайсантай тулж үзэв үү?

А: Буурал дээдүүд маань анх бууж байхдаа баатар жанжин гэдгээ үйл хөдлөлөөрөө харуулдаг байсан. Сэлэм агсаж уухайлан дайрж орж байгаа мэт сүрийг үзүүлж байсан билээ.

Энэ л илдийг нь
Мутар юухандаа атгаад нэг үз
Хэрхэн цавчилдахыг
Хэрхэн хатгалдахыг
Энэ биеэрээ нэг төсөөлөөд үз дээ

Зөнд чинь аяндаа
Хэрхэн цавчилдах
Хэрхэн хатгалдах чинь
Аяандаа мэдэгдэх цаг нь ирнэ
Хөвчит нумыг нь татаад
Ирт зэвийг нь
Тавиад нэг үзсэн бол
Хэрхэн харвах учирийг
Энэ л зөнд чинь
Энэ л тархинд чинь
Шингээд нэг үлдэнэ

А: Уухайлах дуун, цавчилдах сэлэмний чимээ, асгарах цус харагдаж байна аа.

Эрт л цагийн бидний
Эдэлж хэрэглэсэн зэвсгийг
Энэ л мутартаа
Эдэлж нэг хэрэглээд
Хэрхэн тулах
Хэрхэн хатгалдах
Тэр л хүсэл
Тэр л эрэмгий зоригийг
Энэ л оюундаа бадраагаад авахад
Энэ л эд чинь амьтай болж
Хий биеийн дүрээ олж
Хамаг хатуу хар дайнд
Зэр зэвсэг чинь болж явдаг учиртай

Өвөг бид нь залраад
Өөрийн эдийг нэхээд шунаад байгаадаа бус
Үрс та нарт л
Хэрхэн эдэлж
Хэрхэн туулж явснаа
Таниулах гээд байгаагийн учир нь байдаг юм даа

Хөвчит нумыг нь татаад
Харваад нэг үзээд
Онилсон тэр зүйлээ
Оноод нэг үз дээ
Оюун сэтгэлд чинь
Урам зориг чинь бадарна

Далдын дайндаа ч харваад орох
Тэр л эрэмгий зориг
Мэргэн цэц чинь
Энэ л биед чинь
Энэ л тархинд чинь
Энэ л сүнсэнд чинь
Биеэ олж
Биеждэг учиртай юм

А: Улаач үрсүүд харвууллаа намнуулаа, дайрууллаа гэх юм аа. Харваа намнаанаас хамгаалах хамгаалалт юу байдаг вэ?

Харвуулж хатгуулаад л
Харвалдахаас бэрхшээгээд л байгаа нь
Хатуу бэрхтэй тулааны эрдэм
Эрэмгий зориг нь
Энэ биед нь
Цогцолж дүүрээгүйн учир нь тэр

Махан биеэр тулалдаж
Ирт мэсийг биедээ хүргүүлж
Ирт зэвийг нь зоолгож явсан
Өвгөд бид нь
Харвуулчихлаа
Хатгуулчихлаа
Зүсүүлчихлээ гээд л
Халгаж бэрхшээж явсан нь үгүй дээ
Тэр л хатуу эрэмгий зоригийг нь
Энэ л биедээ шингээсэн бол
Харвуулах хатгуулах гээчийг нь
Мэдэрч явах
Эмзэглэж нялхраад явах
Тэр л учир нь байдаггүй л юм даа

А: Онгод тэнгэрүүдийг хураадаг гэх юм аа. Зарим буруу бодолтой улаачдын буурлуудтай золгох төдийд хураачихдаг гэх юм аа. Улаач үрсүүд нь сэрэмжтэй байх уу? Өөр отгийн буурлуудтай золгож яваад хураалгачих юм болов уу гэсэн хар төрөөд байх юм.

Онгод дээдүүд нь
Үрс та нартаа залраад
Хүч юугаа шид агсаж дүүрээгүй байхад нь
Хар санаат нэгний
Өргөө хотолд нь зочлох золгох
Тэр л цагт нь
Дөнгөлөөд авах үйл нь байдаг

Нэгэнт хүчээ аваад
Эцэг өвгөдөө таниад
Энэ л оюундаа
Энэ л сэтгэлдээ
Өвөг дээдүүдийхээ
Эрэмгий зориг
Ид хав
Хүч чадал бүхнийг
Агсаад авсан цагт
Булаагаад авах хүчтэн үгүй дээ

А: Эхний үйл минь дэгийг дэглэж журмыг сахиулах үйл байгаа юм байна. Удаахь үйл нь ямар үйл байх вэ?

Дэгийг дэглээд
Журмыг сахиулах гээч нь
Ний олон дундаа
Хэмээр нэгдэх
Тэр л үйлийн учиг нь даа

Дан ганц хэдэн гариг сард нь
Үйлдээд дуусах үйл биш дээ
Хэдэн наран эргэхийн
Хугацаанд дүүрэх үйл

Энэ л үйл нь үйлдэгдэх зуур
Олон үйлийн учиг тайлагдана даа

Ний олон түмнээрээ
Хэмд жаяглагдах
Төрт улс Монгол улс нь
Түүний дараа мандан нэгдэх
Цаг нь ирэх учиртай даа (Инээв)

А: Буурлуудаа хуяггүй залж үйл хийж болох уу?

Эзэн богдын улаачтай
Эн зэрэгцэх хэмээсэн
Мунхаг нэгэн хүслээрээ
Өвөг дээдээ гутааж буй
Адгийн мунхаг ухаан нь л
Амь биеийг нь авч одох
Ангал юу руу татаж яваа нь тэр болох вий дээ

А: Жаягийг зөрчиж байгаа л нэг үйл байх даа?

Хатуу бэрх тулаанд нь орох
Хамаг үйлийг нь товчлох
Тэр л их үйлийнхээ
Тэр л их өвгөдийнхөө
Орь их хүслийг нь
Олж таньж дийлээгүй байж
Өндөр дээд
Эзэн богдтой нь
Эн зэрэгцэх хэмээсэн
Мунхаг нэгний
Мунхаг жаяг нь л тэр болно доо

А: Таныхаа айлдвар сургаалийг сонордоод гялайлаа. Таны айлдвар захиасыг олон үрсэд түгээх болно оо. Айлдах сургаал байна уу?

Хар дайнд нь ч
Халгаж бэрхшээгээ нь үгүй орсон
Эрэмгий зоригт өвгөдийхөө
Эр зоригийг нь
Энэ л биедээ өвлөж аваад
Энх цагт нь
Эгэл олон ардыг нь
Оройлон явах тэр учгийг
Атгаад авсан та нар

Замбаа жаяглаж
Завсаргүй зүтгэж
Өргөн олныг нь тэтгэж
Өнөр олноор хүрээлүүлж
Өрлөг заяаг атгаад
Түмэн олныг дагуулаад
Түйтгэр гай зовлонг нь
Түшээд даваад гарах
Тэр л үйлийхээ учгийг
Атгаад авсан та нар

Зүтгэл юу
Сэтгэл юу
Шид юу
Хүч юу
Тэд бүгдээ
Атгаад аваад

Хүмүүн олныг
Хүсэл зоригоор нь нэгтгээд
Хөхрөх хөх тэнгэрийн
Түших багана нь болоод л явахаа
Та үрсүүд минь харин
Тангараг болгоод
Эцэг дээд тэнгэртээ
Өргөөд нэг барь
Цаг нь ирж гэлтэй
Зүтгэх болж гэлтэй

За за өвөг нь мордъё доо

Үрсийн минь
Үйл нь тэгш мөртэй
Хүлэг унаа нь эрчтэй
Өвөг дээдүүд нь хүчтэй
Оюун билэг төгс
Эрэмгий зоригоо агссан
Түмэн олныг дагуулсан
Төрөл бүлээ тэтгэсэн
Эцэг тэнгэрийн ивээлийг
Эргэх хоног гарагуудад нь
Эгэл олон түмэндээ түгээсэн

Олондоо түшигтэй
Оройдоо магнайдаа гэгээтэй яваарай

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.