Wednesday, February 20, 2013

Ямба? Жаяг? Хүндлэл? Хайр? - Ухаарал

Анх хэрхэн уг удмаа залж босч байсан түүхээ эргээд нэг дурсан санагалзлаа.

Их эзэн дээдэс, тэнгэр удган нарыхаа хайр хишиг ивээл, өвгөдийнхөө хайраар түшүүлж элдэв зовлонгийн ангалд уналгүй тэнцсээр өвгөдөө залсан дэндүү гэмээр азтай нэгэн улаач билээ би.

Уг удмаа залах улаач болох учиртайгаа мэдэж замчилж өгөх багшийгаа хайж олон удган зайран нартай учран золгож удмын өвгөдийнхөө талаар ахиухан үг сонсчихыг хичээж явдаг үе байв. Золгосон удган зайран, тэдэнд заларсан онгод шүтээнүүд бүгд л өвгөдийг маань хүндэлж, тэнхээ тамиртайг нь гайхах нь гайхаж, ийм өндрүүдийг залаад биеэ тоож онгиргон замд хөтлөгдөх вий хэмээн сэрэмжлүүлж анхааруулдаг байлаа.

Эд хэрэглэлүүдээ хэрэндээ л сэтгэл зүтгэлээ шингээн байж хийгээд хаврын нэгэн өглөө Гэрлийн өргөөнд нэгдсэн, улаач болох заяагаа таньж, багш хайж явсаар ижилдэн дассан улаач нарын хамт хөвч хээртээ гарч эд хэрэглэл, бие бүхнээ ариулан, эдлэл хэрэглээ амилуулж хөө хуягаа агсаж хэц хэнгэрэгээ дэлдэж эхэлжээ.

Буурлууд маань анх залрахдаа миний бодож төсөөлсөн шиг пижигнүүлээд л сүр дуулиантайгаар ид хаваа гайхуулж заларсангүй. Гал дээр багахан бүжин наадаж нуруу минь бөгтийсөөр, хөл минь улам майга болсоор галаа тойрон хэцээ дэлдэн алхсаар галын өмнө суугаад тоймгүй олон мөргөж, хамт угаа авч байгаа улаачдын тахилд очиж биечлэн мөргөхийг хичээн зүтгэсээр ёслон мөргөж, яг тухтай залрах болоход нь би өөрөө биеэ суллаж өгөхгүй “Би л байна!” гээд л сэгсрээд босоод ирдэг зөрүүд нэгэн байв.

Улаачийнхаа биед залраад миний хүнд хар бие зовлогыг хөдөлгөж төдий их алхаж, бусад отгийн өвгөдийн тахилд тэгж хүндлэл үзүүлж сөгдөн мөргөж байсныг одоо бодоход буурлууд маань асар их жаягтэй, бусад отгийн өвгөдийг хэрхэн хүндэтгэж явдагын яруу тод жишээг үрсүүддээ таниулж байсан л байх нь. Өдий хугацааны дараа л үүнийг ойлгож байдаг би ч гэж, хэхэхэ.

Өвгөд буурлууд маань залраад сүр дуулиантайгаа хамаг үрсээ дуудаж цуглуулсангүй. Золгосон золгоогүй үйлийг нь дэмнээд заяаг нь манаад, хазайхад нь түшиж, халтирахад нь тулж ирсэн, дэмнэсээр ч яваа. Бидний үрс хаад ноёд шиг хангалуун нь үгүй ч тартагтаа тулсан тарчигхан нь үгүй, хоногийн хоолгүй, хөдрөх хувцасгүй яваа үрс үгүй. Хазгай гишгиж хүмүүний доод нь болсон нь ч бас үгүй. Зөв сэтгэлтэй, зөв бодолтой, хар мууг санаж ард олонд балаг тарьдаггүй эгэлгүй энгийн үрсүүд хэмээн магтаж, цаг нь болохоор өвгөд биднээ зориод ирнэ хэмээн хуучилж суудаг. Өвгөд бидний зориод золгох үрсийг хүний өөрийн гэж ялгахгүй хүлээж авна.
Харин хаан дээдэс замбад залраад тэнгэрийн их үйлийг гүйцэлдүүлэхэд өвгөд бидэн хүчээ өргөнө, улаач үрийхээ сэтгэл зүтгэл, хүч чадлыг ч өргүүлнэ гэсэн зорилготойгоо товч бөгөөд тодорхой айлдсан билээ.

Өөрсдийн эдэлж хэрэглэж явсан чамин, үнэтэй тансаг эдлэлийг ч нэхэж шавдуулсангүй. Дээл хуяг хувцас, хэнгэрэгэндээ л амь гэж жигтэйхэн. “Эзэн богд хаан нь эрх ямбаа халаад буусан байхад өвгөд бид нь ямбалах ч илүү зан.” гээд түшээ үрээ замбын албанд нь оруулж тэнгэрийн үйлээ л чухалчилж үзэх болсон.

Алив нэгэн үйлд хүч шид, сэтгэлээ, энэрэл хайрыг харамгүй үрсдээ зориулж байв.

Алс нутгаас ажил албаа хойш тавин ирж өвгөдөө түших үйлд томилогдон эжий маань харьж, өвгөд буурлууд тэнгэрийн үйлдээ шамдаж, улаач үрээ сургах үйлд орсноос хойш хуяг хэрэглэлээ хотын төвөөс хол, унаа тэрэг явах нь хомс гэр хороололд байх онгодын өргөөнөөсөө хотын олон давхар дөрвөлжин өргөөнд авчирч, онгодын өргөөндөө очих минь тоотойхон болж, өвгөдийн өргөөн дахь тахил маань далай цагаан сүү, аагтай шаргал цай байхаа больж олон хоног шинэчлээгүй “рашаан ус”, хөхөөн хүйтэн цаг ирэхэд цөгцтэй “хөлдүү мөс” болж хувирсан байв. Олон давхар дөрвөлжин өргөөндөө ундаалга, тахил засаад болчихно, өндөр өргөөнд буурлуудаа залаад байж болно гэж сэтгэж эхэлснээс л тэр.

12.21-ний их үйлээс хойш замбад улаач үрээ манаж, үйл бүхэнд цаг үргэлж дэмнэн явж, хийх үйлээ дүүргэсэн онгодууд дээд тэнгэртээ буцаж, шинэ буурлууд ч заларч, өмнө заларч байсан буурлууд ч ЖАЯГИЙГ ЖАЯГЛАХ, ХҮНДЛЭЛ, ЗҮТГЭЛ-ыг илүүтэй шаардах болж эхэлсэн юм.

12.21-ээс хойш “Өндөр дөрвөлжийн өргөө”-н дэх тахилаа харахаар ундаалж байгаа эзэд цөөрөөд ч байх шиг, хуягаа агсаж хэнгэрэгээ дэлдэх хүсэл үгүй болж, уур ундууцал ч эрхгүй төрөөд, яагаад ч юм хэнд ч юм гоморхох сэтгэл төрөөд бага багаар даамжирсаар байлаа.

Ингээд хуяг, хэнгэрэгээ анхлан буурлуудаа тухлуулсан өргөөндөө аваачин залсан ч замбын ажил замбын ажил гэсээр амралтын өдрүүдэд л очиж тахил ундаалгыг шинэчилж, алдаг оног буурлуудаа залдаг хэвшил тогтож эхлэв. Харин назгай байдлаар төдий удаан улаачаа явуулсангүй. Элдвийг улаачаасаа нэхдэггүй, амгалан дөлгөөхөнөөрөө гайхагддаг буурлууд маань улаачдаа гоморхсон сэтгэлээ “илэрхийлж”, нэгэнтээ удаа хилэнтэйхэн залраад залхуу улаачаа жаягт эрхгүй оруулвай.

Хоёр гараг тутам өргөө гэрийгээ гал голомтыг бадрааж, ариун ганга, шар тосоор амилуулан хүндэтгэл үзүүлж, далай цагаан сүү, аагтай шаргал цай, хатуу харын дээж, шимт сархадын охь энэ бүгдээр ундаалга тахилыг засч өвгөдөө биедээ залж байх дүрмийг “батлаад” ёс дэг бүрийн нарийн учрийг тайлбарлан өгүүлэв.

Гал голомтыг ганга, шар тосоор дэмнэн бадраахын учир нь:
Улаач буюу онгодын өргөөний гал голомт ариун бөгөөд илч гал дөл нь бадарч байх нь тухайн удмын, отгийн гал голомт учир отог омгийн галын онгод, шүтээнүүд, галаас хүч шидээ авдаг онгодуудаа хүчжүүлж тэтгэж байдаг. Дан ганц өрх бүл бус отог омогийн олон онгод, олон үрсийн өнгөтэй өөдтэй явах нь үүнээс бүрэн шалтгаалдаг аж.

Улс Монгол минь, ард иргэд минь доройтоод харь орны санаа хэтэрхий ихээр хэрэгжээд байгаагийн шалтгааныг гал голомтоо үгүй хийж ямбалаг намбалаг хялбар амьдралыг шүтэх болсонтой ч холбож болох мэт.

Олон идээ ундаагаар тахил идээг засахын учир:
Онгод дээдүүд гэдэг тэнгэртээ ч үйлтэй замбад ч үйлтэй. Өндөр тэнгэртээ үйлдэх үйл нь байхад, замбад буугаад хийх үйл, улаачдаа залраагүй ч хатуу зөөлөн алив үйлийг завсаргүй гүйцээж явдаг. Үйлэндээ мордоод эргэж ирэхэд улаач үр нь биедээ залж ундаалж эрчмээр тэтгэхгүй ч энэ замба дахь өөрсдийн өргөө хотолдоо ирж ундаалж хүчээ сэлбэн биеэ тэтгэж явдаг. Тийм болохоор онгодын өргөө заавал тусдаа, ариун байж идээ ундаалгаар тасрах учиргүй. Өөрийн амьдрах өргөөндөө ундаалга заслаа гээд отог омогийн өргөө голомтоо манаж буй өвгөдөд хэрхэн тэр чинь хүрэх?

Мунхаг улаач би бээр тунгаан бодов:

Өвгөд буурлууд маань адайр аашаа гаргаад ямба тухыг эдэлж эхлэх нь үү? Юу болов? Миний буруу хэр их байна?

Өвгөдийнхөө айлдсаныг тунгаагаад үзэхнээ үнэхээр өө сэвгүй үнэн байх нь.

Өвгөдийнхөө суурин дээр өөрийгөө тавиад сэтгэв ээ.

...Би бээр онгод, нэгэн буурал болоод улаач болох заяатай үрийнхээ элдэв зовлонг нь хугаслаж завсаргүй манаж явсаар үрдээ залрахын өмнөхөн өөрийн эдэлж яваагүй өвөрмөц дөрвөлжин модон хүрээтэй, хажуу талаас нь гэгээ ордог дөрвөлжин өргөөг хамаг бүхнээ шавхан улаач үрдээ олоод өгчээ. Улаач үр нь ч дугуй цагаан ханат өргөөнд өвлийн хүйтэнд өглөө босохын “зовлонг” эдэлж, “хаширч” өссөний учир ханан пийшин гэгчтэй дөрвөлжин өргөөнд амьдарвал илүү тухлаг тансаг орд харш хэмээн баясан, өвгөдөө хүндлэн залахад урамтайяа хэмээн шагшсаар бөөн баяр хөөр болон хүртэв. Сэтгэл ханамж зуун хувь. Үр нь сэтгэл ханамж зуун хувь байгаа учир өвгөдийнх нь сэтгэл ханамж зуун хувь.

Улаач үр нь төд удалгүй намрын сэрүү унаж, өвлийн жавар эхлэхийн үеэс нүүрс модтой зууралдаж гал түлж ус зөөж амьдрах амьдралаас залхав уу гэлтэй өвгөдийнхөө өргөөнд амьдрах нь бүү хэл шагайх нь ховордон ховордсоор. Өвгөн би ч үрээ харуулдан хүлээсээр...

Сэтгэлээ шингээн байж үрдээ олж өгсөн тухлаг өргөөг хол байна, тухгүй байна гэж төвөгшөөснийг анзаарахгүй алгасъя гэхэд отог омгийн голомт нь бадарч олон үрсийнхээ хийморь сүлдийг нь тэтгэх учиртай үнэт эрдэнэ болсон гал голомтоо өдөр бүр тэтгэж явахыг “бохир, хар ажил” гэж үзээд цааргалан орхиод одсоныг нь бодохоор гомдон гомдон өр эмтэрмээр. Гомдол төрөөд улаач үр дээрээ очоод мөрийг нь налан уйлж үзлээ, хүрээд ирээч хэмээн аргадаж үзлээ, зандарч аашилж ч үзэв. Улаач үрдээ мэдрэмжийг нь харамгүй хайрласан ч ухаангүйгээсээ болж хэлэх үгийг минь сонордсонгүй, хийсгэлэн биеийг минь ажиж таньсан нь үгүй.

Буцаад хөндий хүйтэн жавар хургасан өргөөндөө очив. Аагтай шаргал цай нь, далай цагаан сүүтэй хамт цалгиж байдаг тагшнууд нь хөлдөх нь хөлдөж, хатах нь хатаж. Отгийн гал нь бадрах голомт тулга нь харанхуй, хөндий ханхай жавар хургаж, салхинд сийгэн хангинах. Өндөр дээдүүд нь ч дээд тив дэх өргөө рүүгээ одож, өргөө голомтыг сахих буурал би бээр ганцаар ганихаран үрсээ хүлээн алсыг ажин суусаар. Өтөл өвгөнг хэлэх үү аагт шаргал цай үгүйлэгдэж амны цангаагаа гаргах хүсэл төрнө.

Ховорхон үзэгдэж, хааяахандаа өвгөдөө залах улаач нь биеийг нь манасан хэдэн өвгөдөө дагуулсаар хүрээ хотлыхоо үүдийг сөхөхөд өвгөд бидний үрчлээд нүүрэнд баярын мишээл тодров. Улаачийн баргар царай ч гэрэлтэх шиг. За яамай өвгөд биднээ умартаа нь үгүй бол болж дээ. Өргөөндөө ядахнаа нэг хоноглох болов уу? Зүүд нойронд нь хуучилж хөөрөлдөх юмсан. Бие лагшин нь чилээрхээгүй байгаа? Эрдэм номын үйл нь ямаршуухан байгаа бол? Амраг ханийнх нь бие сайн байгаа юу? Аав ээжийтэйгээ яриа болов уу? Өөрөөс нь нэг сонордох юмсан... Ээ, ёдор гэж, дахиад л яараад яваад өглөө, хэзээ нэг эргэж ирж өвгөд биднээ хүндлэн залж гялайлгах юм бол доо...

Дээд тивээс өндөр нэгэн өвөг нь улаачийн энэ авир өвгөдөө чилээж байгааг удаан ажиж түвдсэнгүй, чихдэн чихдэн биеэр нь мэдрүүлж, улаачдаа заларсан өөр нэгэн өндөр дээд буурал ч дамнуулан хэлж дэмнэн хүргүүлж туслав. Ихэд гялайлаа. Замбын ажилдаа түүртэх залхуу улаачийхаа алдаа оноог таниулан, энэ мэтээр явбал эцэг өвгөдийн шалгуурт тэнцэхгүйг анхааруулав.

Мунхаг улаач би бээр улаачийн байр сууринаасаа эргэн нэг бодлоо.

Заяа тавиланг маань манаж, хайр хишгээ харамгүй хүртээж яваа өвгөдийнхөө энгүй их хайрын хариуд балга бүлээн цай барьсан нь өчүүхэн. Өргөө гэрт нь тухлуулж үрстэй нь хуучлуулж элэг зүрхийг нь дэвтээх нь тэдний минь харамгүй, дэндүү гэмээр их ивээл хайр, тусын дэргэд өчүүхэн л зүйл. Өвгөдийнхөө өлмий дор магнайгаа цоортол мөргөсөн ч ачлал хайрынх нь дэргэд арай л дэндүү чамлалттай.

Хэдэн өртөө газрыг морин дэл дээр туулан алба үйлээ залгуулж, хэдэн сар жилээр биеийн амрыг умартан ирэх цагийн үрс биднийхээ төлөө биеэ зольж байсан өвгөдийнхөө төлөө ганцхан автобусанд сууж ирээд өдрийн хагасыг зориулж, золгож чадахгүй явсан улаач би тун чиг гутамшиг... Яаж ийм үрд өвгөд нь итгэл хүлээлгэж их үйлийг бүтээхийг ажиж суух?

Ингээд бодохоор ялихгүй жижиг мэт хандлагууд хүмүүн бидний зан чанарыг дэндүү тодоор гаргаж ирдэг байх нь ээ.

Улаач хүмүүний алхах гишгих бүр, айлдаж хэлх үг бүр үйлдэл бүр учиртай, ухаантай байхыг өвгөд буурлууд, ухаан төлөв удган зайрангууд олонтаа л айлдсан. Олонтаа л сонордсон. Олонтаа л мартсан.

Айлдаад хэлсэн алт шиг үгсийг аргалын дайтай ч хүндлэхгүй чихний дэлбээнээс хөврүүлж гоожуулсаар хэдий хол явна даа, халаг гэж.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.